Бага бужгар (Thalictrum minus L.) ургамлын газрын дээд хэсгийн нийт фенолт нэгдэл, нийлбэр флавоноид, антиоксидант идэвхийн судалгаа

Зохиогчид

  • Э.Урангоо АШУҮИС, Био-АС, Анагаахын химийн тэнхим Зохиогч
  • Б.Уранбилэг АШУҮИС, Био-АС, Анагаахын химийн тэнхим , АШУҮИС, Био-АС, Био-Анагаахын хүрээлэн Зохиогч
  • М.Алтантогос АШУҮИС, Био-АС, Анагаахын химийн тэнхим Зохиогч
  • О.Энхзул АШУҮИС, Био-АС, Анагаахын химийн тэнхим Зохиогч
  • Ц.Алтансүх АШУҮИС, Ахисан түвшний сургууль Зохиогч
  • Д.Энхмаа АШУҮИС, Био-АС, Анагаахын химийн тэнхим , АШУҮИС, Био-АС, Био-Анагаахын хүрээлэн Зохиогч
  • О.Олдох АШУҮИС, Био-АС, Анагаахын химийн тэнхим Зохиогч

Түлхүүр үг:

Флавоноид, Фенолт нэгдэл, Антиоксидант, DPPH, Thalictrum

Хураангуй

Үндэслэл: Уламжлалт анагаах ухаанд Бага бужгар ургамлыг хавдар, зүрх судасны өвчин, халдварт өвчин, эмэгтэйчүүдийн өвчин, хоол боловсруулах эрхтний өвчин, арьс өнгөний өвчин, бодисын солилцооны эмгэг зэрэгт хэрэглэж ирсэн уламжлалтай. Бужгарын зүйлийн ургамлууд нь биологийн өндөр идэвхт алкалоид, флавоноид, фенолт нэгдэл, эфирийн тос, гликозид, терпеноид зэрэг хоёрдогч метаболитуудыг агуулдаг бөгөөд эдгээр нь антиоксидант, бактери, вирус, үрэвсэл, хавдрын эсрэг идэвхтэйгээс гадна дархлаа дэмжих үйлдэлтэй зэрэг олон төрлийн биологийн идэвх үзүүлдэг нь тогтоогдоод байна. Чөлөөт радикалын исэлдэлт нь олон төрлийн өвчний эх үүсвэр болдог бөгөөд иймд хоргүй, өндөр антиоксидант идэвхтэй бүрэлдэхүүн бүхий байгалийн гаралтай түүхий эдээс шинэ антиоксидантуудыг судалж тогтоох зайлшгүй шаардлагатай байна. Зорилго: Бага бужгар ургамлын газрын дээд хэсэгт нийт фенолт нэгдэл, нийлбэр флавоноидын тоо хэмжээ, антиоксидант идэвхийг судлан тогтоох. Арга, аргачлал: Судалгаанд агаарт, хуурай, сэрүүн нөхцөлд хатааж, нунтаглаж, бэлтгэсэн ургамлын газрын дээд хэсгийн дээжийг ашиглав. Ургамалд агуулагдах нийт фенолт нэгдлийн тоо хэмжээг Фолин-Чикольте өнгөт урвалж, нийлбэр флавоноидын тоо хэмжээг 2%-ийн AlCl3 урвалж-тай тус тус урвалд оруулж тогтвортой комплекс нэгдэл үүсгэн, гэрэл шингээлтийг спектрофотометрээр (UVM51) хэмжиж, стандарт бодис галлын хүчил болон рутинд шилжүүлэн тодорхойлов. Антиоксидант идэвхийн судалгааг спектрофотометрийн аргаар ургамлын хандыг стандарт бодис тролокс болон кверцетинтэй харьцуулан 96 үүртэй Agilent BioTek Epoch 2 маркийн багажин дээр хэмжилт хийж тодорхойлов. Үр дүн: Тус ургамлын газрын дээд хэсэгт нийт фенолт нэгдэл 5.38±0.09%, нийлбэр флавоноид 2.04±0.16% тус тус агуулагдаж байв. Ургамлын газрын дээд хэсгийн хандны антиоксидант идэвхийг DPPH чөлөөт радикал зайлуулах аргаар судлахад IC₅₀ утга 66.09 мкг/мл байв. Дүгнэлт: Бага бужгар ургамлын газрын дээд хэсэгт зарим биологийн идэвхт хоёрдогч метаболитуудын тоо хэмжээг тодорхойлов. Тус ургамлын газрын дээд хэсгийн хандны антиоксидант идэвхийг стандарт бодисуудтай харьцуулан судлахад антиоксидант үйлдэлтэй болох нь тодорхойлогдов.

АШУҮИС-ийн цахим номын санд

Энэ өгүүллийг цахим номын санд үзэх →

Зохиогчдын судлаачийн профайл: Б.Уранбилэг, М.Алтантогос, Ц.Алтансүх, О.Олдох

Татсан тоо

Нийтлэгдсэн

2026-10-30

Дугаар

Салбар хэсэг

Эрдэм шинжилгээний өгүүлэл