Дэлүү давамгай хамрагдсан том В эсийн тархмал лимфом: эмнэлзүйн ховор тохиолдол
Түлхүүр үг:
Том В эсийн тархмал лимфом, Ходжкины бус лимфом, Спленомегали, Тромбоцитопени, Шалтгаан тодорхойгүй халууралтХураангуй
Удиртгал: Том В эсийн тархмал лимфом нь В лимфоцитын гаралтай, түргэн даамжрах явцтай Ходжкины бус лимфомын түгээмэл дэд хэлбэр юм. Эмнэлзүйд ихэвчлэн тунгалгийн зангилаа томрол, халууралт, шөнө хөлрөлт, жин бууралт зэрэг “В” хам шинжээр илэрдэг боловч зарим тохиолдолд тунгалгийн зангилаанаас гаднах эрхтэн, тухайлбал дэлүү давамгай хамрагдан өвөрмөц бус шинжээр илэрч оношилгоог хүндрүүлдэг. Эмнэлзүйн тохиолдлын танилцуулга: 36 настай эрэгтэй эмчлүүлэгч шалтгаан тодорхойгүй өндөр халууралт, амьсгаадалт, бие сульдал, хөлрөлт, 1 сарын хугацаанд 7–8 кг жин бууралттайгаар эмнэлэгт хандсан. Үзлэг, шинжилгээнд дэлүү 15×20×20 см хэмжээтэй үлэмж томорсон, давшингуй тромбоцитопени, цус багадалт, CRP болон ЛДГ өндөрсөлт илэрсэн. Энэхүү тохиолдол нь том В эсийн тархмал лимфом өөрөө Ходжкины бус лимфомын түгээмэл хэлбэрт хамаарах боловч дэлүү давамгай хамрагдаж, 15×20×20 см хэмжээний үлэмж спленомегали, эмчилгээнд тэсвэртэй халууралт, давшингуй тромбоцитопени, дэлүүний шигдээс төст дүрс оношилгооны өөрчлөлтөөр илэрсэн нь эмнэлзүйн хувьд ховор, оношилгооны сорилттой тохиолдол юм. Оношилгоо: Дэлүүний голомтот өөрчлөлт, дэлүүний шигдээс сэжиглэгдсэн тул дэлүү авах мэс засал хийгдэж, дэлүүний эдийн гистологи болон иммуногистохимийн шинжилгээгээр CD20+, CD79a+, BCL2+, CD3−, CD8−, CD30−, ALK− илэрч үндсэн онош болох том В эсийн тархмал лимфом батлагдсан. Дүгнэлт: Шалтгаан тодорхойгүй, эмчилгээнд тэсвэртэй халууралт, үлэмж спленомегали, тромбоцитопени, LDH болон үрэвслийн идэвхийн үзүүлэлтүүдийн өндөрсөлт хавсарсан үед халдварын шалтгаанаас гадна лимфопролифератив эмгэгийг эрт сэжиглэх шаардлагатай. Эдийн гистологи болон иммуногистохимийн шинжилгээ оношийг баталгаажуулахад шийдвэрлэх ач холбогдолтой.
АШУҮИС-ийн цахим номын санд
Татсан тоо
Нийтлэгдсэн
Дугаар
Салбар хэсэг
Лиценз
Энэхүү сэтгүүлд нийтлэгдсэн өгүүллүүд Creative Commons Attribution 4.0 (CC BY 4.0) лицензтэй. Зохиогч болон эх сурвалжийг зөв дурдсан нөхцөлд хэн ч хуулбарлах, түгээх, өөрчлөн ашиглах боломжтой. Зохиогчийн эрх зохиогчид хадгалагдана.
