Бөөмсийн дээрх даамжрах саагийн ховор тохиолдол

Зохиогчид

  • Б.Сайнбилэг Зохиогч
  • Э.Бямбацэцэг Зохиогч
  • Д.Лхагвасүрэн Зохиогч
  • Н.Лхамцоо Зохиогч

Түлхүүр үг:

Таупати, Нүдний хөдөлгөөний алдагдал, Даамжрах явц, Сөнөрөлт эмгэг, Дүрс оношилгоо

Хураангуй

Удиртгал: Мэдрэлийн сөнөрөлт ховор эмгэг болох бөөмсийн дээрх даамжрах саа (БДДС)-ийн үед харцны саа, их биеийн тэнцвэргүйдэл, танин мэдэхүйн алдагдал голлон илэрдэг. Тус эмгэгийн тархалтыг оношилгооны хүртээмж болон чанар сайжирвал одоогийнхоос өндөр байх магадлалтай хэмээн үздэг. Эмнэлзүйн хувьд олон шинжээр илэрдэг тул оношийг бүрэн тогтооход дунджаар 7.8 жил шаардагддаг байна. БДДС-г эмгэг судлалын шинжилгээгээр төгс оношлох ч өвчтөний амьд ахуйд эмнэлзүйн оношилгооны шалгуурыг ашиглан оношийг тавих боломжтой. Сүүлийн үеийн судалгаанууд тархины дүрс оношилгоо, үүнд, соронзон резонанст томографи нь тус эмгэгийн эрт оношилгоонд ач холбогдолтой болохыг харуулсан. Эмнэлзүйн тохиолдлын танилцуулга: Сүүлийн хэдэн жилийн турш шалтгаангүй тэнцвэр алдах, улмаар бүдэрч унаад байсан өгүүлэмжтэй, Паркинсоны өвчинтэй андуурагдсан 60 гаруй настай эрэгтэй өвчтөний тохиолдлыг бид танилцуулж байна. Өвчтөний тэнцвэргүйдэл даамжирсаар дахин дахин унах хандлагатай болж, аажмаар улам дордсоор бие даан алхаж чадахгүй болсон. Түүнчлэн танин мэдэхүйн буурлын шинжүүд хавсран илэрч байсан. Нарийвчилсан үзлэг, тархины дүрс оношилгоо БДДС онош тавихад хүргэсэн. Дүгнэлт: БДДС нь эмнэлзүйн ур чадварыг шаарддаг тул эмч нар тус эмгэгийг эрт илрүүлэхэд ойлголт сайн байх хэрэгтэй. Тавилан муутай буюу эмчилгээ хараахан нээгдээгүй эмгэг болох БДДС-г эрт оношлох нь 2-гч хүндрэлээс урьдчилан сэргийлэх, өвчтөн болон түүний гэр бүлийн амьдралын чанарыг сайжруулахад хувь нэмэр оруулах учиртай. Энэхүү өгүүллэг нь БДДС-ийн үед хийгдэх эмнэлзүйн ялангуяа нүдний үзлэг болон дүрс оношилгооны ач холбогдлыг онцлохыг зорилоо.

АШУҮИС-ийн цахим номын санд

Энэ өгүүллийг цахим номын санд үзэх →

Татсан тоо

Нийтлэгдсэн

2026-09-15

Дугаар

Салбар хэсэг

Эмнэл зүйн тохиолдол