Элэг шилжүүлэн суулгалтын үр дүн ба эмнэлзүйн байдлыг судалсан дүн
Түлхүүр үг:
Хавдрын шалтгаант, Хавдрын бус шалтгаант, Каплан–Майерийн арга, Амьдрах чадварХураангуй
Үндэслэл: Элэг шилжүүлэн суулгах мэс засал нь дэлхий нийтэд хавдрын болон хавдрын бус шалтгаант элэгний олон эмгэгийн үед одоогоор хийгдэж байгаа үр дүнтэй эмчилгээний нэг арга болсныг судлаачид онцлон тэмдэглэсэн байна. Монголчуудын дунд элэгний вирусийн дан болон хавсарсан халдвар өндөр байдаг нь элэгний хатуурал, элэгний анхдагч өмөн үүсэх тэргүүлэх шалтгаан болдог элэг шилжүүлэн суулгалтын үр дүн, эмнэлзүйн байдлыг судалсан дүн хомс байна. Одоогоор элэг шилжүүлэн суулгах үеийн эмнэлзүйн онцлог, шалтгаан, мэс заслын үеийн болон элэг шилжүүлэн суулгасны дараах үр дүнгийн талаарх тоон мэдээлэл хязгаарлагдмал байгаа нь энэхүү судалгааг хийх үндэслэл боллоо. Зорилго: Элэг шилжүүлэн суулгалтын шалтгаан, эмнэлзүйн байдлыг үнэлж амьдрах чадварыг тодорхойлох. Арга, аргачлал: Нэг төвт, ретроспектив энэхүү когорт судалгаанд Хавдар судлалын үндэсний төвд 2018 оны 1 дүгээр сараас 2026 оны 2 дугаар сар хүртэлх хугацаанд элэг шилжүүлэн суулгах мэс засалд орсон нийт 238 тохиолдлыг хамруулав. Элэг шилжүүлэн суулгасан тохиолдлуудыг хавдрын ба хавдрын бус гэсэн хоёр бүлэгт ангилан, хүн ам зүй болон эмнэлзүйн үзүүлэлтүүдийг харьцуулж, амьдрах чадварыг Каплан–Майерийн аргаар тооцож, ялгааг лог-ранкийн тестээр үнэлсэн ба р-утга <0.05 тохиолдлыг статистик ач холбогдол бүхий ялгаатай гэж үзсэн. Үр дүн: Элэг шилжүүлэн суулгасан өвчтөнүүдийн дундаж нас 49.0±8.4 жил байв. Харьцангуй ахимаг насны эрэгтэйчүүд элэгний анхдагч өмөнгийн улмаас элэг шилжүүлэн суулгуулсан бол, хавдрын бус шалтгаанаар элэг шилжүүлэн суулгасан тохиолдол идэр насны эмэгтэйчүүдэд давамгайлж байв (р=0.0001). Биеийн жингийн индексийн хувьд бүлэг хооронд ялгаа ажиглагдаагүй (р>0.05). MELD болон CPT зэрэг элэгний эмгэгийн тавилангийн үзүүлэлт хоёр бүлэгт статистик ач холбогдол бүхий ялгаатай байлаа. Харин элэг шилжүүлснээс 1-, 3-, 5жилийн дараах хугацаанд амьд байх магадлал хоёр бүлгийн хооронд статистикийн ач холбогдол бүхий ялгаа илрээгүй (p=0.974). Дүгнэлт: Элэгний хавдар болон хавдрын бус шалтгаанаар элэг шилжүүлэн суулгуулсан өвчтөнүүдийн нас, хүйс, элэгний дутагдлын зэргийг илэрхийлэх MELD, CPT оноонууд бүлэг хооронд статистик ач холбогдол бүхий ялгаатай ч, элэг шилжүүлэн суулгасны дараах 1, 3, 5 жилд амьд үлдэх магадлалд статистикийн ач холбогдол бүхий ялгаа илрээгүй.
АШУҮИС-ийн цахим номын санд
Энэ өгүүллийг цахим номын санд үзэх →
Зохиогчдын судлаачийн профайл: М.Аллаберген, М.Адилсайхан
Татсан тоо
Нийтлэгдсэн
Дугаар
Салбар хэсэг
Лиценз
Энэхүү сэтгүүлд нийтлэгдсэн өгүүллүүд Creative Commons Attribution 4.0 (CC BY 4.0) лицензтэй. Зохиогч болон эх сурвалжийг зөв дурдсан нөхцөлд хэн ч хуулбарлах, түгээх, өөрчлөн ашиглах боломжтой. Зохиогчийн эрх зохиогчид хадгалагдана.
