Тархмал хатууралтай өвчтөнүүдийн тархины эзлэхүүнийг соронзон резонанст томографын шинжилгээгээр тодорхойлсон дүн

Зохиогчид

  • Б.Халиун АШУҮИС, Анагаах Ухааны Сургууль, Радиологийн тэнхим , АШУҮИС, Монгол-Японы Эмнэлэг, Радиологийн тасаг Зохиогч
  • М. Энхтуяа АШУҮИС, Монгол-Японы Эмнэлэг, Радиологийн тасаг Зохиогч
  • М.Жанар Улаанбаатар Сонгдо эмнэлэг, Дүрс оношилгооны тасаг Зохиогч
  • Г.Урантөгс УГТЭ, Мэдрэл, мэдрэлийн мэс заслын төв Зохиогч
  • Н.Лхамцоо УГТЭ, Мэдрэл, мэдрэлийн мэс заслын төв Зохиогч
  • Д.Түвшинжаргал АШУҮИС, Анагаах Ухааны Сургууль, Радиологийн тэнхим , АШУҮИС, Монгол-Японы Эмнэлэг, Радиологийн тасаг Зохиогч

Түлхүүр үг:

Миелингүйжих эмгэг, СРТ, Эзлэхүүн бууралт, Автомат үнэлгээ

Хураангуй

Үндэслэл: Тархмал хатуурал (ТХ) нь төв мэдрэлийн тогтолцоог гэмтээдэг архаг үрэвсэлт, сөнөрөлт эмгэг ба гэмтлийн бус шалтгаант хөдөлмөрийн чадвар алдалтад хүргэдэг эмгэгт тооцогддог, ихэвчлэн 20–40 насны, эмэгтэйчүүдэд 2–3 дахин өндөр тохиолддог байна. Дэлхий даяар ТХ-ын тархалт нэмэгдэж байгаа бөгөөд Монгол хүнд тохиолдож буй ТХ-ын соронзон резонанст томографын (СРТ) дүрслэл болон ТХын үеийн СРТ эзлэхүүнийг үнэлсэн судалгааны ажил хязгаарлагдмал байгаа нь уг судалгааг хийх үндэслэл болсон. Зорилго: Тархмал хатууралтай өвчтөнүүдийн тархины эзлэхүүнийг соронзон резонанст томографын шинжилгээгээр үнэлэх. Арга, аргачлал: Судалгааг тоон судалгааны арга, аналитик судалгааны тохиолдол хяналтын загвараар 2020–2023 оны хугацаанд УГТЭ-н Мэдрэл, мэдрэлийн мэс заслын төвд ТХ оношлогдсон нийт 59 өвчтөнийг хамруулах болон хасах шалгуурт үндэслэн 50 өвчтөний СРТ шинжилгээг хяналтын бүлгийн (ХБ) 50 үйлчлүүлэгчдийн СРТ шинжилгээтэй харьцуулсан. Үр дүн: Судалгаанд ТХ оношлогдсон 23–65 насны 50 өвчтөн хамрагдсан бөгөөд 8 (16%) нь эрэгтэй, 42 (84%) нь эмэгтэй байв. Судалгаанд хамрагдагсдын дундаж нас 45.5±11.8 жил, өвчин үргэлжилсэн хугацаа 7.0±6.4 жил байлаа. ТХ-ын бүлгийг хяналтын бүлэгтэй харьцуулахад нийт бор бодисын эзлэхүүн (p=0.002), гадрын бор бодисын эзлэхүүн (p<0.001), гадрын доорх бор бодисын эзлэхүүн (p=0.006) болон их тархины эзлэхүүн (p=0.02) статистикийн ач холбогдолтойгоор буурсан байна. Мөн гадрын доорх бор бодисын бүтцүүдээс таламус (p=0.001), сүүлт бөөм (p=0.009), хуягт бөөм (p=0.008), зэргэлдээх бөөм (p<0.001)ийн эзлэхүүнүүд мөн статистикийн ач холбогдолтойгоор буурсан байв. Тархины дэлбэнгүүдээс чамархайн (p=0.006) болон дагзны (p<0.001) дэлбэнгийн эзлэхүүн ТХ-ын бүлэгт хяналтын бүлгээс бага байлаа. Өвчин үргэлжилсэн хугацаа нь нийт бор бодисын эзлэхүүнтэй (r= −0.30, p<0.02), таламусын эзлэхүүнтэй (r= −0.28, p<0.04) сул урвуу хамааралтай байсан бол дагзны дэлбэнгийн эзлэхүүнтэй дунд зэргийн урвуу хамааралтай байв (r= −0.43, p<0.002). Мөн өвчин үргэлжилсэн хугацаа нь нугасны байрлалтай (p=0.01) болон бор бодисын эзлэхүүнтэй (p=0.04) статистик ач холбогдол бүхий ялгаатай, өвчний сэдрэлийн тоо нийт тархины эзлэхүүнтэй сул, урвуу хамааралтай (r= −0.28, p=0.046) байлаа. Дүгнэлт: Судалгаанд хамрагсдад ТХ-ын үед тархины эзлэхүүн бууралт нь тархины бор бодис, гүний бор бодис болон тархины чамархай, дагзны дэлбэнгүүдэд илүүтэй илэрсэн нь ТХ-ын үед миелингүйжилт болон тархины сөнөрөлт өөрчлөлт зэрэгцэн явагдаж байгааг харуулж байна.

АШУҮИС-ийн цахим номын санд

Энэ өгүүллийг цахим номын санд үзэх →

Татсан тоо

Нийтлэгдсэн

2026-09-15

Дугаар

Салбар хэсэг

Эрдэм шинжилгээний өгүүлэл