Сүрьеэ өвчний оношийн хожимдол ба хэвтэн эмчлүүлэгчдийн шууд зардалд нөлөөлөх хүчин зүйлсийн судалгаа
Түлхүүр үг:
Сүрьеэ, Үйлчлүүлэгчийн хожимдол, Оношилгооны хожимдол, Шууд зардалХураангуй
Үндэслэл: Сүрьеэ өвчин нь дэлхийн хэмжээнд нийгмийн эрүүл мэндийн тулгамдсан асуудал хэвээр байгаа бөгөөд өвчлөл, нас баралтын тэргүүлэх шалтгаануудын нэг юм. Эмнэлгийн тусламж үйлчилгээ болон оношилгооны хожимдол нь өвчтөний эмнэлзүйн тавиланд сөрөг нөлөө үзүүлэхээс гадна эрүүл мэндийн байгууллага болон хувь хүнд үүсэх санхүүгийн дарамтыг үлэмж нэмэгдүүлдэг.1 Монгол Улсын хувьд сүрьеэгийн оношилгооны хожимдол болон хэвтэн эмчлүүлэгчдийн шууд зардлын талаарх судалгааны мэдээлэл хязгаарлагдмал байна. Зорилго: Сүрьеэ өвчний оношийн хожимдлыг тогтоож, эмнэлэгт хэвтэн эмчлүүлэх үеийн шууд зардлыг тооцоолон, тэдгээрт нөлөөлөх хүчин зүйлсийг үнэлэх. Арга, аргачлал: Энэхүү судалгааг эргэмж судалгааны загвараар гүйцэтгэв. ХӨСҮТ-ийн Сүрьеэгийн клиникт 2024 онд шинээр оношлогдон хэвтэн эмчлүүлсэн 285 өвчтөний өвчний түүхэнд дүн шинжилгээ хийсэн. Статистик боловсруулалтыг SPSS-26.0 болон Microsoft Excel программ ашиглан гүйцэтгэж, p утга <0.05 үед статистик ач холбогдол бүхий ялгаатай гэж үзэв. Үр дүн: Судалгаанд хамрагдагсдын дундаж нас 42.6±16.0 жил, 56.5% нь эрэгтэй (n=161) байв. Үйлчлүүлэгчийн оношийн хожимдлын медиан 14(IQR: 5–31) хоног, оношилгооны хожимдлын медиан 4 (IQR: 0–14) хоног, дундаж ор хоног 21.0±16.0 байв. Нэг өвчтөний эмнэлэгт хэвтэх үеийн оношилгооны зардлын медиан 262 (IQR: 187–363), эмчилгээний зардлын медиан 490.9 (IQR: 234.4–884.1), нийт зардлын медиан 761.7 (IQR: 460.4–1247.6) мянган төгрөг байв. Олон хүчин зүйлийн шугаман регрессийн шинжилгээгээр үйлчлүүлэгчийн хожимдол 14-с дээш хоног байх нь нийт зардалд статистик ач холбогдол бүхий нөлөөтэй байв (=659.333, p=0.004). Дүгнэлт: Сүрьеэ өвчний үед үйлчлүүлэгчийн хожимдлын медиан 14 хоног (IQR: 5–31), оношилгооны хожимдлын медиан 4 хоног (IQR: 0–14) байсан бөгөөд нийт өвчтөнүүдийн 61.6% нь үйлчлүүлэгчийн, 63.5% нь оношилгооны хожимдолтой байв. Эмнэлэгт хэвтэн эмчлүүлэгчдийн нийт шууд зардлын медиан 761.7 мянган төгрөг бөгөөд үйлчлүүлэгчийн хожимдол 14 хоногоос уртсах нь нийт зардлыг статистик ач холбогдол бүхий нэмэгдүүлж байна (=659.333, p=0.004).
АШУҮИС-ийн цахим номын санд
Энэ өгүүллийг цахим номын санд үзэх →
Зохиогчдын судлаачийн профайл: Л.Пүрэвсод, Ю.Гантөгс
Татсан тоо
Нийтлэгдсэн
Дугаар
Салбар хэсэг
Лиценз
Энэхүү сэтгүүлд нийтлэгдсэн өгүүллүүд Creative Commons Attribution 4.0 (CC BY 4.0) лицензтэй. Зохиогч болон эх сурвалжийг зөв дурдсан нөхцөлд хэн ч хуулбарлах, түгээх, өөрчлөн ашиглах боломжтой. Зохиогчийн эрх зохиогчид хадгалагдана.
