Өмхий жавай (Cimicifuga foetida L.) ургамлын гистохимийн болон чанарын шинжилгээний зарим үзүүлэлтийн судалгаа
Түлхүүр үг:
Гистохими, Полифенолт, Хэт авиагаар хандлах мацерациХураангуй
Үндэслэл: Өмхий жавай (Cimicifuga foetida L.) нь Холтсон цэцэгтний (Ranunculaceae) овогт хамаарах олон наст өвслөг ургамал бөгөөд Зүүн болон Төв Азийн сэрүүн бүсэд тархдаг1. Уламжлалт анагаах ухаанд уг ургамлыг төрөл бүрийн өвчнийг эмчлэхэд хэрэглэж ирсэн бөгөөд фитохимийн судалгаагаар тритерпеноид, сапонин, фенилпропаноид, флавоноид, фенолт нэгдэл, алкалоид зэрэг биологийн идэвхт нэгдэл агуулагддаг болохыг тогтоосон2. Монгол орны нөхцөлд ургасан Өмхий жавайн биологийн идэвхт нэгдэл болон хандлалтын тохиромжтой нөхцөлийн талаарх судалгаа хомс байна. Зорилго: Өмхий жавай (Cimicifuga foetida L.) ургамлын газрын дээд хэсэгт агуулагдах зарим биологийн идэвхт нэгдэл болон хандлах тохиромжтой нөхцөлийг тодорхойлох. Арга, аргачлал: 2025 оны 8 дугаар сард Налайх дүүргийн Горхи-Тэрэлжийн бүсээс түүж, бэлтгэсэн ургамлын газрын дээд хэсгийг судалгаанд ашиглав. Биологийн идэвхт нэгдлийг гистохимийн аргаар калийн бихромат, төмрийн (III) хлорид, метилен хөх, Люголь, Драгендорфын урвалж болон тимол–концентрацитай хүхрийн хүчлийн урвалжаар тодорхойлов. Хандлалтын тохиромжтой нөхцөлийг 1, 2, 3 мм-ийн жижиглэлтэй түүхий эдийг 20–80%-ийн этилийн спиртээр хандлан, нийт полифенолт нэгдлийг Фолин–Чиколтьегийн аргаар спектрофотометрээр тодорхойлон үнэлэв. Мөн мацераци, перколяци, хуйлруулж хандлан мацерацийн эрчимжүүлсэн хувилбар болон хэт авианы тусламжтай мацерацийн аргуудыг харьцуулан судлав. Үр дүн: Гистохимийн шинжилгээгээр фенолт нэгдэл, флавоноид, алкалоид, цардуул болон полисахаридын эерэг урвал илэрч, эфирийн тосны урвал сөрөг байв. Нийт полифенолт нэгдлийн агууламж 2 ммийн жижиглэлтэй, 60%-ийн этилийн спиртийн ханданд 0.742% буюу хамгийн өндөр, 3 мм-ийн жижиглэлтэй, 20%-ийн этилийн спиртийн ханданд 0.03882% буюу хамгийн бага байв. Хандлах аргуудаас Хэт авиагаар хандлах мацерацийн эрчимжүүлсэн хувилбарт хандлагдах бодисын хэмжээ 38.3±0.66% буюу хамгийн өндөр үзүүлэлттэй байв. 60%-ийн этилийн спиртээр гарган авсан өтгөн хандны гарц 15%, нийт полифенолт нэгдлийн агууламж 0.43325% байв. Дүгнэлт: 1. Өмхий жавай (Cimicifuga foetida L.) ургамлын ишний хөндлөн зүслэгт фенолт нэгдэл болон флавоноидын бүлгийн полифенолт нэгдэл, түүнчлэн алкалоид, цардуул, полисахаридын эерэг урвал илэрч, эфирийн тосны урвал сөрөг байв. 2. Өмхий жавай (Cimicifuga foetida L.) ургамлын түүхий эдийг 2 мм хэмжээтэй жижиглэж, 60%-ийн этилийн спирт ашиглан, хэт авиагаар хандлах мацерацын эрчимжүүлсэн хувилбараар хандлах нь хамгийн тохиромжтой болохыг тогтоолоо.
АШУҮИС-ийн цахим номын санд
Энэ өгүүллийг цахим номын санд үзэх →
Зохиогчдын судлаачийн профайл: Д.Даваадагва, Б.Пэрлэйдулам
Татсан тоо
Нийтлэгдсэн
Дугаар
Салбар хэсэг
Лиценз
Энэхүү сэтгүүлд нийтлэгдсэн өгүүллүүд Creative Commons Attribution 4.0 (CC BY 4.0) лицензтэй. Зохиогч болон эх сурвалжийг зөв дурдсан нөхцөлд хэн ч хуулбарлах, түгээх, өөрчлөн ашиглах боломжтой. Зохиогчийн эрх зохиогчид хадгалагдана.
