Өлөн үеийн глюкозын түвшин, цус бүлэгнэлтийн зарим үзүүлэлтийн хамаарлыг судалсан дүн

Зохиогчид

  • Г.Нархажид АШУҮИС, АУС, Дотоод шүүрэл судлалын тэнхим ²АШУҮИС, АУС, Цус судлалын тэнхим Зохиогч
  • Б.Оюунтөгс АШУҮИС, АУС, Дотоод шүүрэл судлалын тэнхим ²АШУҮИС, АУС, Цус судлалын тэнхим Зохиогч
  • Б.Отгонбат АШУҮИС, АУС, Дотоод шүүрэл судлалын тэнхим ²АШУҮИС, АУС, Цус судлалын тэнхим Зохиогч

Түлхүүр үг:

Предиабет, Гиперкоагуляци, Ялтас эс, Гипергликеми, Гемостаз

Хураангуй

Үндэслэл: Чихрийн шижин болон нүүрс усны солилцооны алдагдал нь судасны эндотелийн үйл ажиллагааны алдагдал, архаг нам давтамжид үрэвсэл, ялтсын хэт идэвхжил, бүлэгнэлтийн хүчин зүйлсийн өөрчлөлтөөр дамжин тромбозын эрсдэлийг нэмэгдүүлдэг. Зорилго: Өлөн үеийн глюкозын түвшин ба цус бүлэгнэлтийн болон ялтсын зарим үзүүлэлтийн хамаарлыг судлах. Арга, аргачлал: Аналитик судалгааны агшны загвараар энэхүү судалгааг хийж гүйцэтгэсэн ба нийт 172 оролцогчийг хамруулсан. Судалгааны хасах шалгуурын дагуу диабет өмнө нь оношлогдсон, антикоагулянт эм хэрэглэдэг болон элэгний эмгэгтэй хүмүүсийг хассан. Оролцогчдыг өлөн үеийн глюкозын хэмжээгээр <5.6 ммоль/л болон ≥5.6 ммоль/л гэсэн хоёр бүлэгт ангилсан ба ЗИТХ, ПХ, ОУТХ, TХ, фибриноген, ялтас эсийн тоо, ЯЭДЭ, ЯЭТӨ, ЯЭСХ үзүүлэлтүүдийг харьцуулсан. Бүлэг хоорондын ялгааг МаннУитнигийн U сорилоор, тасралтгүй хувьсагчдын хамаарлыг Спирманы корреляциар үнэлэв. Олон хүчин зүйлсийн шугаман регрессийн загварыг нас, хүйс, биеийн жингийн индексээр засварлав. Үр дүн: Нийт 172 оролцогчийн 145 (84.3%) нь өлөн үеийн глюкоз <5.6 ммоль/л, 27 (15.7%) нь ≥5.6 ммоль/л байв. Өлөн үеийн глюкозын өөрчлөлттэй бүлэгт ЗИТХ-ны голч утга <5.6 ммоль/л бүлэгтэй харьцуулахад богиноссон байв: 25.4 [24.2–26.8] секунд ба 26.3 [24.9–27.95] секунд; p=0.029. Харин ПХ, ОУТХ, TХ, фибриноген ялтас эсийн тоо, ЯЭДЭ, ЯЭТӨ, ЯЭСХ-ны хувьд бүлэг хоорондын статистик ач холбогдол бүхий ялгаа ажиглагдаагүй. Өлөн үеийн глюкоз ба ЗИТХ хооронд сул урвуу хамаарал ажиглагдсан (ρ=0.141). Нас, хүйс, БЖИ-ээр засварласан регрессийн шинжилгээгээр өлөн үеийн глюкоз 1 ммоль/л-ээр нэмэгдэхэд ЗИТХ 0.242 секундээр богиносож байв (B=-0.242; 95% итгэх интервал -0.465 ба -0.020; p=0.033). Дүгнэлт: 1. Өлөн үеийн глюкозын өөрчлөлт илрээгүй хүмүүстэй харьцуулахад өөрчлөлт илэрсэн хүмүүст ЗИТХ-ны голч утга статистик ач холбогдол бүхий ялгаатай байна. 2. Өлөн үеийн глюкозын түвшин 1 ммоль/л-ээр нэмэгдэхэд ЗИТХ 0.242 секундээр богиносож байна.

АШУҮИС-ийн цахим номын санд

Энэ өгүүллийг цахим номын санд үзэх →

Зохиогчдын судлаачийн профайл: Г.Нархажид, Б.Оюунтөгс, Б.Отгонбат

Татсан тоо

Нийтлэгдсэн

2026-09-15

Дугаар

Салбар хэсэг

Эрдэм шинжилгээний өгүүлэл