Нүүр амны анхан шатны тусламж үйлчилгээний эрх зүйн орчны үнэлгээ

Зохиогчид

  • Г.Номин АШУҮИС, НАСС, Хүүхдийн нүүр ам судлал урьдчилан сэргийлэлтийн тэнхим Зохиогч
  • Б.Оюунцэцэг АШУҮИС, НАСС, Хүүхдийн нүүр ам судлал урьдчилан сэргийлэлтийн тэнхим Зохиогч
  • Б.Цэлмэг АШУҮИС, НАСС, Хүүхдийн нүүр ам судлал урьдчилан сэргийлэлтийн тэнхим Зохиогч
  • О.Чимэдсүрэн Монголын Анагаах Ухааны Академи Зохиогч

Түлхүүр үг:

Oral diseases, Oral health care, Dental caries, Dentist, Health workforce

Хураангуй

Үндэслэл: Шүд цоорох өвчин нь хүний зан үйл, хооллолт, амьдралын хэв маяг, эрүүл мэндийн боловсролоос хамаардаг, урьдчилан сэргийлэх боломжтой эмгэг юм. Монгол Улсад 2022 оноос эхэлсэн урьдчилан сэргийлэх үзлэгийн тоо мэдээнээс харахад 0-17 насны хүүхдийн (N258 008) 77.7% нь шүд цоорох өвчтэй байв. Хүүхдийн шүд цоорох өвчний тархалт, эрчмийг бууруулахын тулд зөвхөн цоорсон шүдийг эмчлэх бус, урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх, амны хөндийн эрүүл мэндийн боловсрол олгоход чиглэсэн анхан шатны тусламж үйлчилгээний тогтолцоог бэхжүүлэх шаардлагатай байна. Зорилго: Монгол Улсын анхан шатны эрүүл мэндийн тусламж үйлчилгээнд дахь нүүр амны тусламж үйлчилгээний эрх зүйн орчин болон нөхцөлийг үнэлж, тулгамдсан асуудал, сайжруулах шаардлагатай чиглэлийг тодорхойлох. Арга, аргачлал: Бодлогын баримт бичгийн тойм судалгааны аргыг ашиглав. Судалгаанд 2026 оны байдлаар анхан шатны эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ үзүүлэхэд мөрдөж буй эрх зүйн болон бодлогын баримт бичиг, шүд, амны хөндийн өвчлөлийн статистик мэдээлэл, салбарын хүний нөөц болон санхүүжилтийн холбогдох мэдээллийг хамруулсан. Цуглуулсан өгөгдлийг үндсэн чиглэлээр бүлэглэж, матриц үүсгэн харьцуулав. Үр дүн: Монгол Улсад мөрдөгдөж буй анхан шатны эрүүл мэндийн тусламж үйлчилгээний тогтолцоог судлахад хүн амд шүд, нүүр амны тусламж үйлчилгээг урьдчилан сэргийлэх чиглэлээр тэгш хүртээмжтэй, хүргэх нөхцөл хангалттай бүрдээгүй байна. Ялангуяа сум, тосгоны иргэд оршин суугаа нутаг дэвсгэртээ шүд, нүүр амны өвчнөөс урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх, оношлох, эмчлэх тусламж үйлчилгээг цогцоор нь авах боломж хязгаарлагдмал байна. “Эрүүл шүд” арга хэмжээний хүрээнд урьдчилан сэргийлэлт, эрт илрүүлэг болон анхан шатны тусламжийг уялдуулахаар тусгасан нь бодлогын эерэг өөрчлөлт боловч хэрэгжилтийг хангах механизм хангалтгүй байна. Эрүүл мэндийн даатгалын сангаас хүүхэд, жирэмсэн эмэгтэйчүүдийн шүдний эмчилгээний зардлыг санхүүжүүлж байгаа хэдий ч бусад насны бүлгийн хувьд шүд, амны хөндийн тусламж үйлчилгээний өртөг өндрөөс шалтгаалж, шаардлагатай тусламжийг цаг алдалгүй авч чадахгүй байна. Дүгнэлт: 1. Монгол Улсад анхан шатны тусламж үйлчилгээнд нүүр амны тусламж үйлчилгээг хэрэгжүүлэх эрх зүй, бодлогын үндэс бүрдсэн боловч үйлчилгээний хамрах хүрээ, хүний нөөц, дэд бүтэц, санхүүжилт, бүртгэл мэдээллийн тогтолцоог уялдуулсан зохицуулалт хангалтгүй байна. Ялангуяа сум, тосгон, алслагдсан бүс нутгуудад нүүр амны тусламж үйлчилгээний хүртээмж хязгаарлагдмал байгаа нь бодлогын зохицуулалтыг хэрэгжилтийн түвшинд бэхжүүлэх шаардлагатайг харуулж байна. 2. Нүүр амны тусламж үйлчилгээг анхан шатны тусламж үйлчилгээтэй интеграцчилан, шаардлагатай хүний нөөц, дэд бүтэц, санхүүжилт, бүртгэл мэдээллийн тогтолцоог үе шаттай бүрдүүлэн, сонгогдсон байгууллагад загвар үйлчилгээг туршин хэрэгжүүлж, үр дүнд үндэслэн улсын хэмжээнд өргөжүүлэх нь тохиромжтой юм.

АШУҮИС-ийн цахим номын санд

Энэ өгүүллийг цахим номын санд үзэх →

Зохиогчдын судлаачийн профайл: Б.Цэлмэг, О.Чимэдсүрэн

Татсан тоо

Нийтлэгдсэн

2026-09-15

Дугаар

Салбар хэсэг

Эрдэм шинжилгээний өгүүлэл