Мэргэжлээс шалтгаалсан өвчнөөр хөдөлмөрийн чадвар алдсан иргэдийн бие махбодын үйл ажиллагаа, бүтцийн гэмтлийн алдагдлыг үнэлэх нь
Түлхүүр үг:
Олон улсын ангилал, Үйл ажиллагааны үнэлгээ, Амьсгалын тогтолцооны эмгэг, Мэдрэлийн тогтолцооны эмгэг, Хөдөлмөр эрхлэлтХураангуй
Үндэслэл: Үйл ажиллагааны олон улсын ангилал (ICF) нь хүний биеийн үйл ажиллагаа, бүтцийн өөрчлөлт, оролцооны хязгаарлалт болон орчны хүчин зүйлсийг цогцоор нь үнэлдгээрээ онцлог юм. Өвчний олон улсын ангилал (ICD) болон үйл ажиллагааны олон улсын ангилал (ICF) ангиллыг хослуулан ашиглах нь сэргээн засах тусламж үйлчилгээний төлөвлөлт, хөгжлийн бэрхшээлийн үнэлгээ, хөдөлмөрийн чадвар алдалтын нөхөн олговрын тогтолцоог илүү бодитой, хувь хүнд чиглэсэн байдлаар хэрэгжүүлэхэд чухал ач холбогдолтой нь энэхүү судалгааны үндэслэл боллоо. Зорилго: Мэргэжлээс шалтгаалсан өвчнөөр хөдөлмөрийн чадвар алдсан иргэдийг үйл ажиллагааны олон улсын ангилал (ICF)-д суурилан үнэлж, бие махбодын үйл ажиллагааны алдагдал, бүтцийн гэмтлийг үнэлэх. Арга, аргачлал: Бид энэхүү судалгааны ажлыг гүйцэтгэхдээ мэргэжлээс шалтгаалсан өвчнөөр хөдөлмөрийн чадвар алдсан иргэдийг хамруулсан ба аналитик судалгааны агшны загварыг ашиглав. Үйл ажиллагааны олон улсын ангилал (ICF) үнэлгээний (ICF checklist Version 2.1a, Clinician form) бие махбодын үйл ажиллагаа (b) болон биеийн бүтэц (s)-тэй холбоотой 2 бүлэг асуумжаар мэдээллийг цуглуулсан. Статистик боловсруулалтыг IBM SPSS-26.0 программ ашиглан гүйцэтгэсэн. Үр дүн: Судалгаанд хамрагдсан 180 оролцогчийн 80.6% (n=145) нь эрэгтэй, 19.4% (n=35) нь эмэгтэй бөгөөд дундаж нас 60.5±10.7 жил байв. Ажлын байрны эрсдэлтэй нөхцөлд ажилласан хугацааны дундаж 19.5±5.2 жил. Оролцогчдын 98.6% (n=178) нь хөдөлмөр эрхэлдэггүй байв. Мэргэжлээс шалтгаалсан өвчний 57.2% (n=103) нь амьсгалын тогтолцооны эмгэг, 20.0% (n=36) мэдрэлийн тогтолцооны эмгэг эзэлж байв. Үйл ажиллагааны олон улсын ангилал (ICF) үнэлгээний дотоод нийцэл бие махбодын үйл ажиллагааны алдагдлын бүлэгт Cronbach’s α=0.904, биеийн бүтцийн гэмтлийн бүлэгт α=0.788 байв. Мэдрэхүйн үйл ажиллагаа ба өвдөлтийн алдагдал (b2) бүх өвчний бүлэгт статистикийн ач холбогдолтой ялгаатай (p<0.001), мэдрэлийн тогтолцооны бүтцийн гэмтэл (s1) мөн статистикийн ач холбогдолтой ялгаатай (p=0.015) байв. Олон хүчин зүйлийн логистик регрессээр хөдөлмөрийн чадвар алдалтын хувь нэмэгдэх нь бие махбодын үйл ажиллагааны алдагдалтай (OR=1.065; 95% CI: 1.003– 1.131; p=0.030), нас нэмэгдэх нь биеийн бүтцийн гэмтэлтэй (OR=1.112; 95% CI: 1.013–1.234; p=0.042) тус тус статистикийн ач холбогдолтой хамааралтай байв. Дүгнэлт: 1. Үйл ажиллагааны олон улсын ангилал (ICF) Checklist Version 2.1a, Clinician Form-ын үнэлгээний дотоод нийцэл хангалттай байгаа нь МШӨ-ий үед энэхүү үнэлгээг ашиглах боломжтойг харууллаа. 2. Мэргэжлээс шалтгаалсан өвчнөөр хөдөлмөрийн чадвар алдсан иргэдийн дунд мэдрэхүйн үйл ажиллагаа ба өвдөлтийн алдагдал түгээмэл илэрч, хөдөлмөрийн чадвар алдалтын хувь нэмэгдэх тусам бие махбодын үйл ажиллагааны алдагдал, нас ахих тусам биеийн бүтцийн гэмтлийн эрсдэл нэмэгдэж байна.
АШУҮИС-ийн цахим номын санд
Энэ өгүүллийг цахим номын санд үзэх →
Зохиогчдын судлаачийн профайл: Ц.Сансарцэцэг, С.Мягмарчулуун, Ю.Гантөгс
Татсан тоо
Нийтлэгдсэн
Дугаар
Салбар хэсэг
Лиценз
Энэхүү сэтгүүлд нийтлэгдсэн өгүүллүүд Creative Commons Attribution 4.0 (CC BY 4.0) лицензтэй. Зохиогч болон эх сурвалжийг зөв дурдсан нөхцөлд хэн ч хуулбарлах, түгээх, өөрчлөн ашиглах боломжтой. Зохиогчийн эрх зохиогчид хадгалагдана.
