Ахмад настны амны хөндийн эрүүл мэндийг ба хооллох чадвартай уялдуулан судалсан дүн

Зохиогчид

  • Г.Төрбат АШУҮИС, НАСС, Нүүр амны эмчилгээний тэнхим Зохиогч
  • Н.Бямбасоёл АШУҮИС Нүүр ам судлалын төв эмнэлэг Зохиогч
  • Ч.Одгэрэл АШУҮИС Нүүр ам судлалын төв эмнэлэг Зохиогч
  • Б.Сапаар АШУҮИС Нүүр ам судлалын төв эмнэлэг Зохиогч
  • Ж.Үржинлхам АШУҮИС, НАСС, Нүүр амны эмчилгээний тэнхим Зохиогч

Түлхүүр үг:

Older adults, Oral health, Oral Health Assessment Tool, OHAT, Biting and chewing ability, Dietary restriction

Хураангуй

Үндэслэл: Монгол Улсын хүн амын дундаж наслалт сүүлийн 30 жилд (1995–2025) 8.3 жилээр нэмэгдэж, 2025 онд 72.1 жилд хүрсэн баримт байна (Эрэгтэй 68.1, эмэгтэй 76.2) ҮСХ 2025 . Үүнтэй зэрэгцэн 60-аас дээш насны хүн амын тоо 1990 оноос хойш 2.65 дахин өссөн бөгөөд 2025 оны байдлаар 338 мянга гаруй ахмад настан байгаагаас 60–64 насны бүлэг 241%, 65–69 насны бүлэг 195%-иар өссөн нь хүн амын хөгшрөлийн хурд өндөр байгааг харуулж байна. Энэхүү хүн ам зүйн өөрчлөлт нь ахмад настанд тохирсон амны хөндийн тусламж, шүдэлбэр хийх, сэргээн засах үйлчилгээний эрэлтийг цаашид нэмэгдүүлэх хандлагатай байна. Зорилго: Ахмад настны амны хөндийн эрүүл мэндийн байдалыг хооллох чадвартай уялдуулан судлах. Арга, арагчлал: Бид улаанбаатар хотын Чингэлтэй, Баянгол, Сүхбаатар, Хан-Уул дүүргийн 50 ба түүнээс дээш насны 301 ахмад настныг хамруулсан аналитик судалгааны нэг агшингийн загвараар судалсан. Амны хөндийн эрүүл мэндийг эмнэлзүйн үзлэг Шүдгүйдэл, шүдэлбэрийн хэрэглээ болон 8 бүрэлдэхүүн хэсэгтэй Oral Health Assessment Tool (OHAT)-аар үнэлж, сайн, муу гэсэн хоёр ангилалд хуваав. Хооллох чадварыг стандартчилсан асуумжаар дараах дөрвөн чиглэлээр үнэлэв: 1. хатуу бүтэцтэй хүнс (Бүхэл мах, алим г.м)-ийг хазах, зажлахад хүндрэлтэй эсэх (Шатлалын ангилал); 2.хүссэн хүнсээ тааламжтай идэж чадах эсэх; 3.амны хөндийтэй холбоотой шалтгаанаар хоолны төрөл, хэмжээгээ хязгаарладаг эсэх; 4.амны хөндийн мэдрэг байдал (Халуун, хүйтэн, чихэрлэг зүйлд өвдөх мэдрэмж). Ангиллын хувьсагчид хоорондын хамаарлыг Пирсоны χ² (Хи квадрат) шинжилгээгээр үнэлж, статистик ач холбогдлын түвшинг p<0.05 гэж авав. Насны бүлэг, хүйс зэрэг хүн ам зүйн хувьсагчийг давхар хувьсагч болгон харгалзав. Үр дүн: Судалгаанд хамрагдагсдын дундаж нас 69.0±7.8 жил байсан бөгөөд үүнээс эмэгтэй 74%, эрэгтэй 26% байв. Судалгаанд хамрагдагсдын 98.6% нь шүдгүйдэлтэй, 23.6% нь бүрэн шүдгүй байв. Авагддаг шүдэлбэрийн хэрэглээ нас ахих тусам нэмэгдэж (χ²=8.83, p=0.032), эмэгтэйчүүдэд (65.9%) эрэгтэйчүүдээс (45.9%) илүү өндөр байв (χ²=8.45, p=0.004). OHAT үнэлгээгээр судалгаанд хамрагдагсдын 21% нь амны хөндийн эрүүл мэндийн байдал муу гэж үнэлэгдсэн бөгөөд энэ нь боловсролын түвшинтэй статистикийн ач холбогдол бүхий хамааралтай байв (χ²=27.69, p<0.001). Хүссэн хүнсээ тааламжтай идэж чаддаг эсэхийг үнэлэхэд (n=240) 27.1% нь “Огт чаддаггүй” гэж хариулсан бөгөөд энэ нь насны бүлэг (p=0.823), хүйс (p=0.405)-тэй статистикийн хувьд ач холбогдол бүхий ялгаа ажиглагдсангүй. Хатуу бүтэцтэй хүнс (Бүхэл мах, алим)-ийг хазах, зажлахад 50.6% нь “Огт хэрэглэж чаддаггүй”, 11.3% нь “Хүндрэлгүй хэрэглэдэг” байв. Хоолны хязгаарлалттай бүлэгт хатуу хүнс идэж чадахгүй хүний хувь (82%) нь хязгаарлалтгүй бүлэгтэй (22%) харьцуулахад мэдэгдэхүйц өндөр байв (χ²=74.1, p<0.001). Амны хөндийн мэдрэг байдал нь хоолны хязгаарлалттай (χ²=11.5, p=0.022) болон амны хөндийн субъектив (Өөрийн үнэлгээт) байдалтай (χ²=7.7, p=0.021) статистикийн ач холбогдолтой хамааралтай байсан бол тодорхой хоолны төрөл (Мах, цитрус жимс гэх мэт)-тэй ач холбогдолтой хамааралгүй байв (p>0.05), энэ нь мэдрэг байдал ерөнхий хоолны хязгаарлалттай холбоотой боловч тодорхой нэг хоол хүнсний зүйлтэй сонгомол холбоогүй болохыг харуулж байна. Дүгнэлт: Ахмад настны амны хөндийн эмнэл зүйн байдал (Шүдгүйдэл, OHAT, мэдрэг байдал) нь тэдний хазах-зажлах чадвар болон хоолны хязгаарлалттай статистикийн өндөр ач холбогдолтой хамааралтай байна. Судалгаанд хамрагдагсдын талаас илүү хувь нь хатуу бүтэцтэй хүнс хэрэглэж чадахгүй, дөрөвний нэгээс олон хувь нь хүссэн хүнсээ тааламжтай идэж огт чаддаггүй байгаа нь ахмад настны хооллох чадварын хязгаарлалт өргөн тархсан, чухал эмнэл зүйн асуудал болохыг харуулж байна.

АШУҮИС-ийн цахим номын санд

Энэ өгүүллийг цахим номын санд үзэх →

Зохиогчдын судлаачийн профайл: Н.Бямбасоёл, Б.Сапаар, Ж.Үржинлхам

Татсан тоо

Нийтлэгдсэн

2026-09-15

Дугаар

Салбар хэсэг

Эрдэм шинжилгээний өгүүлэл