Арьсны өвчний үед хэрэглэдэг ургамлын гаралтай эмийн түүхий эдийн этноботаникийн судалгаа
Түлхүүр үг:
Эм зүйн сургууль, Эмийн хими, Утас: 85893121Хураангуй
Үндэслэл: Арьсны өвчин нь дэлхий дахинд өндөр тархалттай бөгөөд Монголчуудын дунд ургамлын гаралтай түүхий эдийг арьсны эмгэгийн үед уламжлалт болон ахуйн түвшинд хэрэглэсээр байгаа ч хэрэглээний давтамж, мэдээлэгчдийн зөвшилцөл, соёлын ач холбогдлыг тоон аргаар системтэй үнэлсэн судалгаа хомс байна. Зорилго: Улаанбаатар хотын иргэдийн арьсны өвчний үед хэрэглэдэг ургамлын гаралтай эмийн түүхий эдийн талаарх уламжлалт мэдлэг, хэрэглээний онцлог, соёлын ач холбогдлыг этноботаникийн тоон үзүүлэлтээр тодорхойлох. Арга, аргачлал: Судалгаанд арьсны өвчний үед хэрэглэгддэг ургамлын зүйлийн бүрдэл, хэрэглээний хэлбэр, давтамж, үр нөлөө, гаж нөлөө, бэлтгэх болон номхотгох аргын талаарх мэдээллийг бүртгэн авч, Ашиглалтын индекс (UV), Харьцангуй давтамжийн индекс (RFC), Мэдээлэгчийн зөвшилцлийн индекс (ICF), Үнэн байдлын түвшин (FL), Харьцангуй алдартай байдлын түвшин (RPL), Эрэмбээр зэрэглэх (ROP), Соёлын ач холбогдлын индекс (CII), Жаккард индекс (JI), Шеннон– Вийнерийн олон янз байдлын индекс (SDI) зэрэг этноботаникийн тоон үзүүлэлтүүдээр үнэлэв. Статистик боловсруулалтыг Microsoft Excel 2016 программаар хийв. Судалгааг АШУҮИС-ийн Судалгааны ёс зүйн хяналтын хорооны зөвшөөрөл (Протокол №25-06/03-03) болон дүгнэлт (Протокол №26/03-Б02)-ийн хүрээнд гүйцэтгэв. Үр дүн: 36 овгийн 73 зүйл ургамал бүртгэгдэж, Гол гэсэртэн, Сарнайн, Шүхэртэн, Сараана овгийн ургамал зонхилж байв. Хэрэглэх аргын хувьд хандлан угаалга, шавшлагаар хэрэглэх 29.6%, шүүсийг шууд түрхэх 18.9%, нухашлан тавих 18.1% байв. Зуун наст (Aloe barbadensis) UV=0.19, RFC=0.128, CII=0.19, RPL=1.00, ROP=100 үзүүлэлтээр хамгийн өндөр үнэлэгдсэн ба Нугараа алтан товч, Говийн ганга, Яшилдуу чацаргана, Их таван салаа мөн өндөр эрэмбэлэгдэв. Мэдээлэгчийн зөвшилцлийн индекс нь арьсны дулааны түлэгдэлд 0.82, ил шарханд 0.77, идээт батганд 0.76 зэрэг үзүүлэлттэй байв. Уламжлалт жорын 126 түүхий эдтэй 18 зүйл давхцаж, JI=10%; H′=3.4184, E=0.7967 гарав. Мэдээлэгчдийн 40.8% зовуурь багассан, 61.9% гаж нөлөө илрээгүй гэж мэдээллэв. Дүгнэлт: Арьсны өвчний үед ургамлын гаралтай түүхий эд хэрэглэх уламжлалт мэдлэг Улаанбаатар хотын иргэдийн дунд хадгалагдан байна. Өндөр эрэмбэлэгдсэн ургамлуудыг цаашдын фитохими, фармакологи, аюулгүй байдал, стандартчиллын судалгаанд зорилтот байдлаар сонгох боломжтой. Эдгээр үр дүн нь клиникийн үр нөлөөний шууд нотолгоо бус, уламжлалт хэрэглээ ба мэдээлэгчдийн туршлагын хэмжүүр болох боломжтой.
АШУҮИС-ийн цахим номын санд
Энэ өгүүллийг цахим номын санд үзэх →
Зохиогчдын судлаачийн профайл: Х.Даариймаа
Татсан тоо
Нийтлэгдсэн
Дугаар
Салбар хэсэг
Лиценз
Энэхүү сэтгүүлд нийтлэгдсэн өгүүллүүд Creative Commons Attribution 4.0 (CC BY 4.0) лицензтэй. Зохиогч болон эх сурвалжийг зөв дурдсан нөхцөлд хэн ч хуулбарлах, түгээх, өөрчлөн ашиглах боломжтой. Зохиогчийн эрх зохиогчид хадгалагдана.
