Ходоодны хорхой өвчний сурвалжийн судалгаа
Түлхүүр үг:
Бадганы хорхой, Helicobacter pylori, Эх сурвалж судлал, Руда-6, Эмийн түүхий эдХураангуй
Үндэслэл: Ходоодны архаг өвчлөл, түүний дотор Helicobacter pylori-той холбоотой эмгэгүүд нь хүн амын эрүүл мэндэд өндөр ачаалал үүсгэдэг. Монголын уламжлалт анагаах ухааны сонгодог эх сурвалжуудад ходоодны өвчлөлийг “Xодоодны хорхой өвчин”, “Бадганы хорхой”, “Чанх” зэрэг ойлголттой холбон тайлбарласан байдаг боловч эдгээрийг эх сурвалжийн түвшинд нэг загвараар түүвэрлэн харьцуулсан судалгаа хомс байна. Зорилго: Уламжлалт анагаах ухааны эх сурвалжууд дахь “Ходоодны хорхой өвчин”-ий тухай онолын ойлголт, нэршил, ангилал, шинж тэмдэг, эмчилгээний зарчим, жор болон эмийн түүхий эдийг нэг загвараар түүвэрлэн шинжилж, эх сурвалж хоорондын нийтлэг ба ялгаатай шинжийг тодорхойлохын зэрэгцээ зарим ойлголтыг H.pylori-ийн талаарх орчин үеийн мэдлэгтэй харьцуулан тайлбарлах. Арга, аргачлал: Судалгааг эх бичиг, сурвалж судлалд тулгуурласан чанарын судалгааны загвараар хийв. “Бумши”, “Анагаах ухааны дөрвөн үндэс”, “Эм заслын саран хаан”, “Алтан хадмал”, “Бидэр-Онбо”, “Манаглхантав”, “Дөрвөн рашаан”, “Увдисын далай”, “Маш гайхамшигт хуримын сан” зэрэг эх сурвалжууд, Монгол, Төвд мэргэдийн бүтээлүүдийг хамруулж, бичвэрийн судалгаа, сэдвээр бүлэглэх арга, агууламжийн шинжилгээ, герменевтик тайлал болон харьцуулан жиших аргыг хэрэглэв. Мөн Helicobacter pylori-ийн хэлбэр, эмгэг жам, шинж тэмдэг болон Руда6 жорын зарим түүхий эдийн судлагдсан байдлыг хязгаарлагдмал байдлаар харьцуулан авч үзэв. Үр дүн: Сонгодог сурвалж, бүтээлүүдэд ходоодны хорхой өвчнийг ходоодонд байрлах, хоол шингээлтийн сулрал, муу зөөлөн ба ялзрах үйл явцтай холбоотой, бадганы илүүдэл болон хий-шар-бадганы зохицлын алдагдлаар нөхцөлдөх өвчин гэж тайлбарласан байдаг. Хорхойн гадна байдлыг мушгиралдсан, нарийн урт, түүдэг мэт бөөгнөрсөн, заримдаа цагаан болон улаан өнгөтэй хэмээн дүрсэлсэн нь H.pylori-ийн спираль хэлбэр, хөдөлгөөнт шинжтэй шууд адил биш боловч дүрслэлийн хувьд харьцуулан авч үзэх боломжтой байна. Давтагдсан шинжүүдэд ходоод эвхэрч өвдөх, хутгаар хатгаж буй мэт өвдөх, цээж хорсох, гашуун болон исгэлэн усаар огих, бөөлжих, хоол шингэхгүй байх, бие сульдах зэрэг шинжүүд багтаж байлаа. Эмчилгээний хувьд ялзрал арилгах, хорхой амирлуулах, хоол шингээлтийг дэмжих, бадганы илүүдлийг тэнцвэржүүлэх зарчим давамгайлж, Руда-6 зэрэг жорын бүрэлдэхүүнд ордог зарим түүхий эд нь орчин үеийн судалгаанд нянгийн эсрэг, үрэвслийн эсрэг болон ходоод хамгаалах боломжит үйлдэлтэй гэж тэмдэглэгдсэн байна. Дүгнэлт: Ходоодны хорхой өвчний тухай уламжлалт ойлголт нь нэршил, эмгэг жам, шинж тэмдэг, эмчилгээний зарчим, эмийн түүхий эд, жорын хэрэглээний хувьд харьцангуй цогц бүтэцтэй байна. Энэхүү судалгаа нь уламжлалт эх сурвалж, бүтээлүүдийн мэдээллийг системчилж, H.pylori-той шууд адилтгахгүйгээр харьцуулан тайлбарлах, цаашдын ангилал, фармакологийн болон эмнэлзүйн судалгаанд ашиглах суурь хэрэглэгдэхүүн болно гэж үзэж байна.
АШУҮИС-ийн цахим номын санд
Энэ өгүүллийг цахим номын санд үзэх →
Зохиогчдын судлаачийн профайл: С.Сээсрэгдорж
Татсан тоо
Нийтлэгдсэн
Дугаар
Салбар хэсэг
Лиценз
Энэхүү сэтгүүлд нийтлэгдсэн өгүүллүүд Creative Commons Attribution 4.0 (CC BY 4.0) лицензтэй. Зохиогч болон эх сурвалжийг зөв дурдсан нөхцөлд хэн ч хуулбарлах, түгээх, өөрчлөн ашиглах боломжтой. Зохиогчийн эрх зохиогчид хадгалагдана.
