Хүүхдэд тохиолдох Mycoplasma pneumoniae шалтгаант уушгины хатгааг судалсан нь

Зохиогчид

  • Ө.Анударь АШУҮИС, АУС, Хүүхдийн Анагаахын Тэнхим Зохиогч
  • Э.Ууганцэцэг Эх Нярай Эмэгтэйчүүдийн Үндэсний Төв Зохиогч
  • Т.Хосбаяр АШУҮИС, Эмнэлзүйн Молекул Оношилгооны Төв Зохиогч
  • У.Цэвэгмид Эх Нярай Эмэгтэйчүүдийн Үндэсний Төв Зохиогч
  • Д.Ичинноров АШУҮИС, АУС, Уушги Харшил Судлалын Тэнхим Зохиогч
  • М.Энхзол АШУҮИС, АУС, Хүүхдийн Анагаахын Тэнхим Зохиогч

Түлхүүр үг:

Амьсгалын доод замын халдвар, Хүүхдийн өвчлөл, Хэв шинжит бус хатгаа

Хураангуй

Үндэслэл: Амьсгалын доод замын үрэвсэл буюу уушгины хатгаа нь хүүхэд насанд тэргүүлдэг өвчлөл ба ихэнх тохиолдолд вирeс, нянгаар үүсгэгддэг. Хүүхдийн наснаас хамаарч уушгины хатгааны эмгэг төрөгч өөр өөр байхаас 5-аас дээш насны хүүхдэд Mycoplasma pneumoniae шалтгаант уушгины хатгааны тохиолдол нэмэгддэг талаар орон орны судлаачид дурдаж иржээ. Манай орны нөхцөлд энэхүү эмгэг төрөгчөөр үүсгэгдсэн уушгины хатгааны тохиолдол, эмнэлзүй, лаборатори ба багажийн шинжилгээний онцлогийг судалснаар эрт илрүүлэн оновчтой эмчилж, хүндрэлээс сэргийлэхээс гадна антибиотикийн шаардлагагүй хэрэглээг бууруулах ач холбогдолтой нь судалгааг хийх үндэслэл болсон. Зорилго: Mycoplasma pneumoniae шалтгаант уушгины хатгааны эмнэлзүйн онцлогийг лаборатори ба дүрс оношилгооны өөрчлөлтүүдтэй уялдуулан судлах. Арга, аргачлал: Судалгааг ЭНЭҮТ–Хүүхдийн тасагт суурилан ретроспектив загвараар, судалгааны мэдээлэл цуглуулахдаа тоон аргыг ашиглав. Судалгааны мэдээ мэдээлэл болох асуумж, бодит үзлэг, шинжилгээний хуудас тус бүрийг кодлож, Microsoft Excel, SPSS30.0 программ ашиглан дүн шинжилгээ хийсэн. Үр дүн: Уушгины хатгааг үүсгэсэн эмгэг төрөгчдийг хүүхдийн насны бүлгээр авч үзэхэд хүүхдийн нас бага байх тусам вирус, нянгийн хавсарсан халдвар давамгайлж, харин нас ахихад нянгийн халдвар зонхилж байгаа нь насны бүлгээс хамаарч үүсгэгч ялгаатай байгааг илтгэнэ (р=0.00054). ПГУ–ын шинжилгээгээр давтамж хамгийн өндөр илэрсэн нь Mycoplasma pneumoniae 51.8% (55) байсан ба уг үүсгэгч илэрсэн хүүхдийн дундаж нас 9.4±4.4 жил байлаа. Нийт Mycoplasma pneumoniae илэрсэн тохиолдлын 25% (14) нь MP дангаар, 75%(51)-д бусад бактери болон вирусийн халдвартай хавсарсан байна. Дүгнэлт: 1. Уушгины хатгаа оношлогдон эмнэлэгт хэвтэн эмчлүүлж буй хүүхдүүдэд хамгийн түгээмэл илэрсэн нян нь Mycoplasma pnemoniae (51,8%) байгаа нь 2024 оны сүүлчээр уг бактерийн шалтгаант уушгины хатгааны тохиолдол их байсныг харуулж байна. 2. Mycoplasma pneumoniae-гийн халдвар ихэвчлэн сургуулийн насны хүүхдүүдэд (дундаж нас 9.2) тохиож байгаа бөгөөд чагналтаар уушги эмгэг амьсгалтай, хэвтэн эмчлүүлэх шаардлагатай байсан ч МР илэрсэн болон МР илрээгүй хүүхдүүдийг харьцуулахад хүчилтөрөгчийн сатураци хэвийн, цусан дахь үрэвслийн үзүүлэлт хэвийн байгаа нь “хэв шинжит бус” шинж чанартайг харуулж байна. Мөн эмнэлзүйн илрэл нас бүрд өөр, тухайлбал нусгайрах буюу амьсгалын дээд замын шинж тэмдэг нь бага насны хүүхдүүдэд (вирусийн хавсарсан халдварын улмаас байх магадлалтай) зонхилж байгаа бол том хүүхдүүдэд мэдэгдэхүйц буурч амьсгалын доод замын шинж тэмдэг давамгайлж байна.

АШУҮИС-ийн цахим номын санд

Энэ өгүүллийг цахим номын санд үзэх →

Зохиогчдын судлаачийн профайл: Т.Хосбаяр, Д.Ичинноров, М.Энхзол

Татсан тоо

Нийтлэгдсэн

2026-05-22

Дугаар

Салбар хэсэг

Эрдэм шинжилгээний өгүүлэл