Туршилтын амьтанд өдөөсөн архаг сульдлын эмгэг загварт Иммунофлю эмийн үрэвслийн цитокинд үзүүлсэн зарим үр дүн
Түлхүүр үг:
Иммунофлю, Албадан сэлэлтийн сорил, Цитокин, IL 2Хураангуй
Үндэслэл: Архаг сульдлын хам шинж (CFS) нь анагаах ухаанд одоогоор бүрэн тайлбарлагдаагүй эмгэг ба шалтгаан тодорхойгүй, эмнэлзүйд бие сульдаж ядрах, бага зэрэг халуурах, булчингаар өвдөх, толгой эргэх, сэтгэл санаа хямрах, мартамхай болох, нойр сэргэг болох зэрэг шинжээр илэрдэг эмгэг юм. Шинж тэмдгүүд нь бие махбод, оюун санааны ачааллын үед улам дорддог боловч амрах үед бүрэн сайжирдаггүй ба одоогоор анагаах ухаанд архаг сульдлыг эмчлэх үр дүнтэй батлагдсан эмчилгээ дутагдалтай байна. Иймээс бид Мана-4 танд ордог найрлагуудаас бүрдсэн Иммунофлю уусдаг мөхлөгийг гаргаж авсан бөгөөд уг эмийн архаг сульдлын эсрэг үйлдлийн судалгаа хийгдээгүй байгаа нь уг судалгааг хийх үндэслэл боллоо. Зорилго: Мана-4 тангаас технологийн шинэчлэл хийн гарган авсан Иммунофлю эмийн архаг сульдлын үед үзүүлэх нөлөөг судлан тогтоох. Арга, аргачлал: Бид Бид Jia Wang, Chengxin Sun (2013) нарын аргаар архаг сульдалын эмгэг загвар үүсгэн сийвэнгийн IL-1β, IL-2, IL-5, IL-10, IL-17a цитокины хэмжээг ELISA аргаар, цөхрөлийн төлөвийг “Албадан сэлэлтийн сорил” (Forced swim test) сорилоор үнэлэн Иммунофлю эмийн үзүүлэх нөлөөг судлан тогтоосон. Үр дүн: Бид архаг сульдлын эмгэг загварт Иммунофлю эмийг хэрхэн нөлөөлж буйг 100, 200, 400 мг/кг тунд сийвэнгийн интерлейкин (IL) IL-1β, IL-2, IL-5, IL-10, IL-17a цитокины хэмжээ, “Албадан сэлэлтийн сорил” (Forced swim test) сорилоор цөхрөлийн төлөвийг үнэлсэн. Харханд албадан сэлэлтээр өдөөсөн архаг сульдалын эмгэг загварт сийвэнгийн IL2 үзүүлэлтэд Иммунофлю эмийн бүлгийг эмгэг хяналтын бүлэгтэй харьцуулахад 100 мг/кг тундаа 23.8%иар, Иммунал 50 мг/кг тундаа 23.3%-иар тус тус статистик магадлалтай нэмэгдүүлсэн(p<0.05). Мөн IL17a цитокины хэмжээнд Иммунофлю эмийн бүлгийг эмгэг хяналтын бүлэгтэй харьцуулахад 200 мг/кг тундаа 23.7%-иар бууруулсан байна. Албадан сэлэлтийн сорил (Forced swim test) -оор амьтны хөвөх төлвийг үнэлэхэд Иммунал 50 мг/кг (52.03±9.3 сек) тунгаар өгсөн бүлгийг эмгэг хяналтын бүлэгтэй харьцуулахад 31.6%-иар (*p=0.038), Иммунофлю 100 мг/кг (49.19±8.54 сек) тунгаар өгсөн бүлэг 35.3%-иар (*p=0.01) тус тус бууруулсан бол бусад бүлэгт статистик магадлал бүхий ялгаа илрээгүй. Дүгнэлт: 1. Архаг сульдалын эмгэг загварын үеийн сийвэнгийн цитокины хөдлөл зүйд IL2 хэмжээнд Иммунофлю эм 100 мг/кг тундаа 23.8%-иар нэмэгдүүлж дархлааг дэмжиж байна. Мөн IL17a цитокины хэмжээнд Иммунофлю уламжлалт эмийн 200 мг/кг тундаа 23.7%-иар бууруулж үрэвслийн эсрэг нөлөөтэй байна. 2. Албадан сэлэлтээр өдөөсөн архаг сульдалын эмгэг загварт Иммунофлю уламжлалт эм 100 мг/кг тундаа 35.3%-иар амьтны цөхрөл, сульдлыг бууруулж байна.
АШУҮИС-ийн цахим номын санд
Энэ өгүүллийг цахим номын санд үзэх →
Зохиогчдын судлаачийн профайл: П.Молор-Эрдэнэ
Татсан тоо
Нийтлэгдсэн
Дугаар
Салбар хэсэг
Лиценз
Энэхүү сэтгүүлд нийтлэгдсэн өгүүллүүд Creative Commons Attribution 4.0 (CC BY 4.0) лицензтэй. Зохиогч болон эх сурвалжийг зөв дурдсан нөхцөлд хэн ч хуулбарлах, түгээх, өөрчлөн ашиглах боломжтой. Зохиогчийн эрх зохиогчид хадгалагдана.
