Төмөр дутагдлын цус багадалтын үед ретикулоцитын гемоглобиныг үнэлсэн дүн

Зохиогчид

  • Г.Чинбат АШУҮИС, АУС, Цус судлалын тэнхим , УНТЭ, ЦЭСЧШСТ Зохиогч
  • П.Балжинням УНТЭ, ЦЭСЧШСТ Зохиогч
  • А.Отгонбат АШУҮИС, АУС, Цус судлалын тэнхим Зохиогч
  • О.Пүрэвжал АШУҮИС, АУС, Цус судлалын тэнхим Зохиогч

Түлхүүр үг:

Ретикулоцитын гемоглобин (Ret-He), Биомаркер, Цус багадалтын хүндийн зэрэг, Эрт илрүүлэг

Хураангуй

Үндэслэл: Төмөр дутагдлын цус багадалт (ТДЦБ) нь дэлхий дахинд өргөн тархсан тэжээл дутагдлын эмгэг бөгөөд хүн амын ойролцоогоор 30% нь энэхүү эмгэгт өртдөг байна.5,6 Ретикулоцитын гемоглобин нь ретикулоцитэд агуулагдах гемоглобины хэмжээ бөгөөд улаан эсийн төлжилтийн процесст төмөр дутагдаж буй эсэхийг бодит хугацаанд тодорхойлдог үзүүлэлт юм.1-3 Ретикулоцитын гемоглобин нь төмрийн үзүүлэлтүүдтэй харьцуулахад үрэвсэл, халдварын үед өөрчлөгддөггүйгээрээ давуу талтай бөгөөд улаан эс дэх төмрийн нөөцийг илүү мэдрэгээр, бодитойгоор үнэлэх боломжийг олгодог байна. Эд дэх төмрийн нөөц буурч эхлэх үеэс төмөр дутагдлын эрт хугацаанд илрүүлэхэд ретикулоцитын гемоглобины(Ret-He)-г ашиглах нь ТДЦБыг эрт илрүүлэх, оношилгоо, эмчилгээний хяналтыг сайжруулахад чухал ач холбогдолтой юм.3,4,15 Манай улсад ретикулоцитын гемоглобиныг ТДЦБ-ийн эрт үеийн оношлогоо, эмчилгээний хяналтанд хэрэглэсэн судалгааны ажил хомс байгаа нь энэхүү судалгааг хийх үндэслэл боллоо. Зорилго: Төмөр дутагдлын цус багадалттай эмчлүүлэгчдийн ретикулоцитийн гемоглобин(Ret-He)-ы түвшинг тодорхойлж, цус багадалтын хүндийн зэргээр харьцуулан судлах. Арга, аргачлал: УНТЭ-ийн Цус судлалын амбулаториор үйлчлүүлсэн, захын цусны шинжилгээнд гипохромын, микроцитын цус багадалттай 100 үйлчлүүлэгчийг хамрууллаа. Судалгаанд оролцогчдын улаан эс, түүний нэмэлт үзүүлэлтүүд гемоглобин (HGB) болон ретикулоцитын гемоглобины (Ret-He) хамаарлыг өвчний хүндийн зэргээс хамаарч буй эсэхийг судлав. Үр дүнг STATA 14.0 программ ашиглан боловсруулав. Үр дүн: Бидний судалгаанд 18-81 насны 100 хүн хамрагдсан ба үүнээс 8% (8) нь эрэгтэй, 92% (92) эмэгтэй байв. Насны дундаж нь эрэгтэйд 52.8±22.6 жил, эмэгтэйд 43.7±16.0 жил байлаа. Цус багадалтын шалтгааныг судалж үзэхэд нийт тохиолдлын 68%-ийг умайн цус алдалт, 18%-ийг нь хоол боловсруулах замын эмгэг, 10%-ийг хавдар, 4%-ийг бусад шалтгаант эмгэгүүд эзэлж байв. Ретикулоцитын гемоглобин (RetHe)-ны дундаж эрэгтэйчүүдэд 16.15±2.66 пг, эмэгтэйчүүдэд 19.35±2.08 пг тодорхойлогдсон ба хүйсийн хувьд статистик ач холбогдол бүхий ялгаатай байв(p<0.05). Цусны улаан эс, гемоглобин, MCV, MCH болон Ret-He үзүүлэлтүүд цус багадалтын хүндийн зэрэг нэмэгдэх тусам буурч, бүлгүүдийн хооронд статистикийн ач холбогдол бүхий ялгаа илэрсэн (p=0.0001). Гемоглобины түвшин нь Ret-He-тэй статистикийн ач холбогдол бүхий эерэг хамааралтай байв. (p<0.001). Дүгнэлт: Төмөр дутагдлын цус багадалтын үед ретикулоцитын гемоглобины хэмжээ статистик ач холбогдол бүхий буурч, цусан дахь гемоглобины хэмжээтэй хүчтэй эерэг хамааралтай байв. Өвчний хүндийн зэрэг нэмэгдэх тусам Ret-He тасралтгүй буурч байгаа нь ясны чөмгөн дэх төмрийн хангамжийн алдагдлыг харуулж байна. Иймээс Ret-He нь төмрийн дутагдлыг эрт илрүүлэх, төмөр дутагдлын цус багадалтын эмчилгээний хяналтыг хийх, мөн өвчний хүндийн зэргийг үнэлэхэд ашиглагдах боломжтой эмнэлзүйн ач холбогдол бүхий үзүүлэлт гэж үзэж байна.

АШУҮИС-ийн цахим номын санд

Энэ өгүүллийг цахим номын санд үзэх →

Зохиогчдын судлаачийн профайл: А.Отгонбат, О.Пүрэвжал

Татсан тоо

Нийтлэгдсэн

2026-05-22

Дугаар

Салбар хэсэг

Эрдэм шинжилгээний өгүүлэл