Суралцагчдын бие бялдарын хөгжлийг эмчилгээний дасгалааар эрүүлжүүлэх нь
Түлхүүр үг:
Булчингийн хүч, Хөдөлгөөн, Эмчилгээний дасгалХураангуй
Үндэслэл: Сүүлийн жилүүдэд дижитал технологийн хөгжил, хөдөлгөөний идэвхийн бууралтаас шалтгаалан хүүхэд, залуучуудын бие бялдрын хөгжил буурах, халдварт бус өвчлөлийн эрсдэл нэмэгдэх хандлага ажиглагдаж байна. Дэлхийн эрүүл мэндийн байгууллага, ЮНЕСКО, Олон улсын олимпын хороо зэрэг байгууллагууд хүн амын эрүүл мэндийг дэмжихэд биеийн идэвхтэй хөдөлгөөнийг өдөр тутмын амьдралын хэв маягт нэвтрүүлэхийг зөвлөмж болгож байна. Эмчилгээний биеийн тамирын дасгал нь бие махбодын үйл ажиллагааг сэргээх, булчингийн хүч чадлыг нэмэгдүүлэх, хөдөлгөөний алдагдлыг засах үр нөлөөтэй арга бөгөөд сургуулийн насны хүүхдүүдийн бие бялдрын хөгжил, эрүүл мэндийг дэмжих чухал хэрэгсэл юм. Иймд сургуулийн насны хүүхдүүдийн бие бялдрын хөгжил, хөдөлгөөний идэвх, эрүүл мэндийн байдалд эмчилгээний биеийн тамирын дасгал хөдөлгөөний үзүүлэх нөлөөг судлах нь эрүүл мэндийг дэмжих, өвчлөлөөс урьдчилан сэргийлэх, сургалтын орчин үеийн арга зүйг боловсронгуй болгоход чухал ач холбогдолтой тул энэхүү судалгааг хийх үндэслэл боллоо. Зорилго: Эмгэг өөрчлөлттэй суралцагчдыг биеийн тамирын хичээлд тэгш хамруулан оролцуулах замаар тэдний бие бялдрын хөгжил, эрүүл мэндийн үзүүлэлтэд, үзүүлэх нөлөөлөл, үр дүнг тодорхойлох. Арга, аргачлал: Энэхүү судалгааг нэг бүлгийн туршилтын загварт тулгуурласан хагас туршилтын аргаар гүйцэтгэсэн. Судалгаанд архаг өвчний оноштой, ерөнхий боловсролын сургуульд суралцдаг 30 суралцагчийг сайн дурын үндсэн дээр хамруулсан. Судалгааны эхэнд оролцогчдоос хүн ам зүйн мэдээлэл авч, уян хатан чанар, бүсэлхий болон ташаан тойрог, гарын шуу болон нурууны булчингийн хүчийг суурь хэмжилтээр үнэлсэн. Үүний дараа өвчний онцлогт тохируулан эмчилгээний дасгал хөдөлгөөнийг FITT зарчмын дагуу хэрэгжүүлж, судалгааны хугацаа дууссаны дараа давтан хэмжилт хийсэн. Судалгааны өгөгдөлд дескриптив статистик, paired t-test, independent t-test, Пирсоны корреляци болон Cohen’s d-ийг ашиглан SPSS 25.0 программд дүн шинжилгээ хийж, статистикийн ач холбогдлыг p<0.05 түвшинд үнэлсэн. Үр дүн: Эмчилгээний дасгалын дараа судалгаанд оролцогчдын уян хатан байдал 3.70 см, баруун гарын булчингийн хүч 7.50 кг, зүүн гарын булчингийн хүч 6.92 кг, нурууны булчингийн хүч 17.60 кг-аар нэмэгдсэн нь статистикийн ач холбогдол бүхий өөрчлөлт байв (p<0.05). Мөн биеийн өндөр 2.36 см, жин 1.98 кг-аар нэмэгдсэн байна. Эдгээр үзүүлэлтүүдийн нөлөөллийн хэмжээ дундаас өндөр түвшинд илэрсэн. Харин хэвлийн болон ташааны тойрогт статистикийн ач холбогдол бүхий өөрчлөлт илрээгүй. Дүгнэлт: Эмчилгээний дасгал нь эмгэг өөрчлөлттэй суралцагчдын бие бялдрын зарим үзүүлэлт, ялангуяа гар болон нурууны булчингийн хүчийг статистик ач холбогдолтойгоор сайжруулж байна.
АШУҮИС-ийн цахим номын санд
Татсан тоо
Нийтлэгдсэн
Дугаар
Салбар хэсэг
Лиценз
Энэхүү сэтгүүлд нийтлэгдсэн өгүүллүүд Creative Commons Attribution 4.0 (CC BY 4.0) лицензтэй. Зохиогч болон эх сурвалжийг зөв дурдсан нөхцөлд хэн ч хуулбарлах, түгээх, өөрчлөн ашиглах боломжтой. Зохиогчийн эрх зохиогчид хадгалагдана.
