Сонгины (Allium cepa L.) хальсны антиоксидант идэвх ба аюулгүй байдлын үнэлгээ

Зохиогчид

  • Г.Ану ХҮТИС, Хүнсний технологийн тэнхим Зохиогч
  • Б.Тамир ХҮТИС, Хүнсний технологийн тэнхим Зохиогч
  • Б.Уранбилэг АШУҮИС, Био-АС, Анагаахын химийн тэнхим Зохиогч
  • М.Алтантогос АШУҮИС, Био-АС, Анагаахын химийн тэнхим Зохиогч
  • О.Олдох АШУҮИС, Био-АС, Анагаахын химийн тэнхим Зохиогч
  • О.Энхзул АШУҮИС, Био-АС, Анагаахын химийн тэнхим Зохиогч

Түлхүүр үг:

Фенолт нэгдэл, Флавоноид, Антиоксидант чадвар, Хүнсний хаягдал

Хураангуй

Үндэслэл: Сонгины хальс нь биологийн идэвхт нэгдлээр баялаг түүхий эд боловч Монгол улсын хүнсний салбарын хаягдалын менежментийн хүрээнд энэ төрлийн нарийвчилсан судалгаа, аюулгүй байдлын үнэлгээ хангалтгүй байна. Иймд хоол үйлдвэрлэлийн салбараас гарч буй хаягдал сонгины хальсыг дахин боловсруулах, түүний шинж чанарыг шинжлэх ухааны үндэслэлтэй тогтоох шаардлагатай юм. Зорилго: Хоол үйлдвэрлэлийн явцад гарч буй ягаан болон цагаан сонгины (Allium cepa L.) хальсны аюулгүй байдлын үзүүлэлтүүдийг үнэлж, биологийн идэвхт нэгдлийн агууламж болон антиоксидант идэвхийг харьцуулан тогтоох. Арга, аргачлал: Судалгаанд ягаан болон цагаан сонгины хальсыг ашиглав. Аюулгүй байдлын үзүүлэлтийг атом шингээлтийн спектрометр (хүнд металл) болон GC-MS/MS, LC-MS/MS (пестицид) багажаар тодорхойлов. Түүхий эдийг 70%-ийн этанолоор хандалж, вакуум ууршуулагч болон хөлдөөн хатаагч ашиглан хуурай ханд гарган авсан. Нийт фенолт нэгдэл болон нийлбэр флавоноидын агууламжийг спектрофотометрийн аргаар, антиоксидант идэвхийг DPPH радикал саармагжуулах аргаар тус тус тодорхойлов. Үр дүн: Шинжилгээгээр сонгины хальсанд хар тугалга, кадьми болон 205 төрлийн пестицидийн үлдэгдэл зөвшөөрөгдөх дээд хэмжээнээс хэтрээгүй буюу аюулгүй болох нь тогтоогдлоо. НҮХ-ийн шинжилгээгээр сонгино хальсны хуурай ханданд кверцетин, лутеолины уламжлалууд илэрсэн. Ягаан сонгины хуурай хандны нийт фенолт нэгдэл (27.40±1.64%) болон нийлбэр флавоноидын (17.95±1.47%) агууламж нь цагаан сонгиныхоос (20.34±0.34%, 12.69±1.44%) статистик ач холбогдол бүхий өндөр байв. IC50 утга ягаан сонгинд 17.58 μг·мл-1, цагаан сонгинд 19.41 μг·мл-1 байсан нь байгалийн гаралтай нийлмэл хандны хувьд өндөр идэвх үзүүлж буйг харуулна. Дүгнэлт: Хаягдал сонгины хальс нь аюулгүй байдлын шаардлага хангасан, антиоксидант идэвх сайтай түүхий эд бөгөөд энэхүү судалгааны үр дүн нь уг хаягдлыг исэлдэлтийн стрессээс сэргийлэх бэлдмэл болон хүнсний нэмэлт бүтээгдэхүүний үйлдвэрлэлд ашиглах бодит нөөц болохыг тогтоов.

АШУҮИС-ийн цахим номын санд

Энэ өгүүллийг цахим номын санд үзэх →

Зохиогчдын судлаачийн профайл: Г.Ану, Б.Уранбилэг, М.Алтантогос, О.Олдох

Татсан тоо

Нийтлэгдсэн

2026-05-22

Дугаар

Салбар хэсэг

Эрдэм шинжилгээний өгүүлэл