Гепатитийн В ба С вирусийн архаг халдвартай хүмүүст элэгний бус зарим шинжүүдийн эрсдэлт хүчин зүйл эмнэлзүйн хамаарлыг харьцуулсан дүн
Түлхүүр үг:
Дислипидеми, Криоглобулинеми, Бөөрний үйл ажиллагаа, Элэгний фиброзХураангуй
Үндэслэл: Гепатитийн В ба С вирусийн (ГВВ, ГСВ) архаг халдвар нь дэлхий дахинд элэгний хатуурал, элэгний хавдрын гол шалтгаан төдийгүй элэгний бус олон эрхтэн тогтолцооны өөрчлөлтүүдтэй хавсран илэрдэг. Гэсэн хэдий ч эдгээр элэгний бус шинжүүдийн тархалт, эрсдэлт хүчин зүйл, эмнэлзүйн хамаарлыг Монгол улсын хэмжээнд харьцуулсан судалгаа ховор байна. Зорилго: ГВВ ба ГСВ-ийн архаг халдвартай хүмүүст илрэх элэгний бус зарим шинжүүдийн эрсдэлт хүчин зүйл болон эмнэлзүйн хамаарлыг харьцуулан судлах. Арга, аргачлал: Бид энэхүү судалгааг ретроспектив когорт судалгааны загвараар нийт 1040 оролцогчийг хамруулан нас, хүйсээр ижилсүүлж судалсан. Элэгний бус шинжүүд болох артерийн даралт ихсэх, цусанд сахар ихсэх, цусанд өөх тос ихсэх, бөөрний үйл ажиллагаа буурах зэргийг тодорхойлсон. Үр дүн: ГСВ-ийн архаг халдвартай бүлэгт артерийн даралт ихсэх, цусанд сахар ихсэх, цусанд өөх тос ихсэх, бөөрний үйл ажиллагааны алдагдал зэрэг элэгний бус шинжүүд зонхилон илэрсэн (p<0.05). Харин таргалалт нь ГВВ-ийн архаг халдвартай бүлэгт, ялангуяа 50–59 насны эрэгтэйчүүдэд зонхилон илэрсэн. Нас (OR=1.04, 95% CI: 1.02–1.06) болон ГСВ-ийн архаг халдвар (OR=1.65, 95% CI: 1.20–2.26) нь элэгний бус шинжүүдийн эрсдэлийг нэмэгдүүлж байна. Элэгний фиброз нь хоёр бүлэгт адил өндөр тархалттай (71–72%) бөгөөд 50–59 насанд давамгай илэрсэн. Фиброзын зэрэг нэмэгдэх тусам бөөрний үйл ажиллагаа буурах хандлагатай (r=0.45) байсан. Дүгнэлт: ГСВ-ийн архаг халдвар нь элэгний бус шинжүүдийн илрэл, эрсдэлтэй илүү хүчтэй хамааралтай байна. Нас, хүйс, бодисын солилцооны өөрчлөлтүүд нь эдгээр шинжүүдийн чухал эрсдэлт хүчин зүйл болж байна. Иймд гепатитийн архаг халдвартай хүмүүст элэгний эмгэгээс гадна бодисын солилцоо болон бөөрний үйл ажиллагааг тогтмол хянах нь хүндрэлээс сэргийлэхэд чухал ач холбогдолтой.
АШУҮИС-ийн цахим номын санд
Татсан тоо
Нийтлэгдсэн
Дугаар
Салбар хэсэг
Лиценз
Энэхүү сэтгүүлд нийтлэгдсэн өгүүллүүд Creative Commons Attribution 4.0 (CC BY 4.0) лицензтэй. Зохиогч болон эх сурвалжийг зөв дурдсан нөхцөлд хэн ч хуулбарлах, түгээх, өөрчлөн ашиглах боломжтой. Зохиогчийн эрх зохиогчид хадгалагдана.
