Ажиллагсдын хоол хүнсний хэрэглээг зөвлөмж хэмжээтэй харьцуулан судалсан дүн

Зохиогчид

  • Н.Туул АШУҮИС, НЭМС, Шим тэжээл судлалын тэнхим Зохиогч
  • С.Мөнхжин АШУҮИС, Анагаах ухааны сургууль, Их эмчийн анги Зохиогч
  • Д.Амарлин АШУҮИС, Анагаах ухааны сургууль, Их эмчийн анги Зохиогч
  • Б.Оюунбилэг АШУҮИС, Анагаах ухааны сургууль, Их эмчийн анги Зохиогч
  • О.Зэсэмдорж АШУҮИС, Эмнэлзүйн лабораторийн тэнхим Зохиогч
  • Т.Хосбаяр АШУҮИС, Эмнэлзүйн лабораторийн тэнхим Зохиогч

Түлхүүр үг:

Хооллолтын байдал, хүнсний бүлэг, хэт боловсруулсан хүнс, хэв маяг

Хураангуй

Үндэслэл: Сүүлийн жилүүдэд дэлхий дахинд, тэр дундаа хөгжиж буй орнуудад илүүдэл жин, таргалалт, халдварт бус архаг өвчний тархалт нэмэгдэж байгаа нь буруу хооллолт, хөдөлгөөний дутагдал, хэт боловсруулсан хүнсний хэрэглээтэй шууд холбоотой байна. Монгол Улсад хүн амын хоол тэжээлийн судалгаагаар жимс, хүнсний ногоо, сүү, сүүн бүтээгдэхүүний хэрэглээ хангалтгүй, харин мах, өөх тосны хэрэглээ харьцангуй өндөр хэвээр байна. Эрүүл мэндийн байгууллагын ажилтнууд нь эрүүл мэндийн боловсрол өндөртэй боловч ажлын онцлог, ачааллаас шалтгаалан хооллолтын буруу хэв маягтай байх эрсдэлтэй бүлэгт хамаардаг тул тэдний хооллолтын байдлыг үнэлэх шаардлага байна. Зорилго: Эрүүл мэндийн байгууллагын ажиллагсдын хоол хүнсний хэрэглээг Монгол хүний зөв хооллолтын зөвлөмж хэмжээтэй харьцуулан судлах. Арга, аргачлал: Судалгаанд Улаанбаатар хотын есөн эрүүл мэндийн байгууллагад ажиллаж буй 335 ажилтан (82.1% эмэгтэй, 17.9% эрэгтэй, нас 22–69) хамрагдсан. Судалгаанд 5 бүлэг, 35 асуулт бүхий ерөнхий асуумж болон 19 бүлэг, 182 асуулттай хоол хүнсний хэрэглээний асуумжийг ашиглан мэдээлэл цуглуулсан. Хоол хүнсний хэрэглээг стандартчилсан гарын баримжаа болон ахуйн хэмжээс (аяга, халбага гэх мэт)-д тулгуурлан үнэлсэн. Өгөгдлийг SPSS болон Microsoft Excel программ ашиглан статистик боловсруулалт хийсэн. Үр дүн: Оролцогчдын 85.4% нь тогтмол дасгал хөдөлгөөн хийдэггүй, 54.6% нь гэдэсний зовуурьтай байсан. Хооллолтын дэглэм алдагдсан байдал ажиглагдаж, оролцогчдын 63.3% нь оройн хоолыг тогтмол цагт хэрэглэдэггүй байв. Хүнсний бүлгээр авч үзвэл мах, махан бүтээгдэхүүний хэрэглээ дунджаар 307.81 гр буюу зөвлөмжөөс 1.5 дахин их байсан бол сүү, сүүн бүтээгдэхүүн (159.77 гр), хүнсний ногоо (162.47 гр), жимс (175.84 гр) нь тус тус зөвлөмжөөс 1.1–2.2 дахин бага байв. Үр тариа (470.17 гр) болон өөх тос (23.42 гр) нь зөвлөмжийн түвшинд ойролцоо байлаа. Нийт оролцогчдын 91.6% нь сүү, сүүн бүтээгдэхүүн, 95.5% нь хүнсний ногоо, 81.5% нь жимсийг хангалтгүй хэрэглэж байсан. Хэт боловсруулсан хүнсний хэрэглээ дунджаар 256.1 гр байсан бөгөөд өөх тосны хэрэглээтэй дунд зэргийн эерэг хамааралтай (r=0.506, p<0.001) байв. Мөн оролцогчдын ~60% нь хоногийн илчлэгийг зөвлөмжөөс хэтрүүлэн хэрэглэж, макро шим тэжээлийн хувьд уураг (66.3%), өөх тос (50.1%), нүүрс ус (41.8%)-ны хэт хэрэглээ ажиглагдсан. Дүгнэлт: Эрүүл мэндийн байгууллагын ажиллагсдын хооллолтын байдал зөвлөмж хэмжээнээс зөрүүтэй, илчлэгийн илүүдэл хэрэглээ, макро шим тэжээлийн тэнцвэргүй байдал, хэт боловсруулсан хүнсний өндөр хэрэглээ давамгайлж байна. Иймд жимс, хүнсний ногоо, сүү, сүүн бүтээгдэхүүний хэрэглээг нэмэгдүүлэх, мах болон боловсруулсан хүнсний хэрэглээг бууруулах, ажлын байранд эрүүл хооллолтыг дэмжих орчныг бүрдүүлэх шаардлагатай байна.

АШУҮИС-ийн цахим номын санд

Энэ өгүүллийг цахим номын санд үзэх →

Зохиогчдын судлаачийн профайл: О.Зэсэмдорж, Т.Хосбаяр

Татсан тоо

Нийтлэгдсэн

2026-04-16

Дугаар

Салбар хэсэг

Нийгмийн эрүүл мэндийн салбар