Хүүхдийн түлэгдлийн дараах сэтгэл зүйн эмгэгийг үнэлсэн дүн

Зохиогчид

  • Э.Саранчимэг АШУҮИС, АУС, Гэмтэл согог судлалын тэнхим Зохиогч
  • Л.Насанбуян АШУҮИС, Монгол-Японы эмнэлэг Зохиогч

Түлхүүр үг:

Түлэгдэл, Бага насны хүүхэд, Сэтгэлзүйн гэмтэл, Гэмтлийн дараах стрессийн эмгэг

Хураангуй

Үндэслэл: Бага насны хүүхдийн түлэгдэл нь бие махбодийн гэмтлээс гадна сэтгэлзүйн ноцтой өөрчлөлт үүсгэдэг хүнд гэмтлийн нэг юм. Ялангуяа 1-11 насны хүүхдийн сэтгэлзүйн хөгжил эмзэг тул түлэгдлийн дараа айдас, цочмог стрессийн урвал, улмаар гэмтлийн дараах стрессийн эмгэг (PTSD) үүсэх эрсдэл өндөр байдаг байна. Иймээс түлэгдлийн дараах сэтгэлзүйн өөрчлөлтийг тодорхойлох, эрт илрүүлэлт ба оношилгоог сайжруулах, цаашдын сэтгэлзүйн дэмжлэг, сэтгэл заслын арга хэмжээг боловсруулах шаардлагатай байгаа нь энэхүү судалгааны үндэслэл боллоо. Зорилго:Түлэгдлийн дараах стрессийн эмгэгийн тархалт, түүнд нөлөөлж болох зарим эрсдэлт хүчин зүйл болон хамаарлыг судлах. Арга, аргачлал: Бид дескриптив судалгааны загвараар АШУҮИС-ийн МЯЭ-ийн Мэс заслын тасагтт түлэгдэл оношоор хэвтэн эмчлүүлсэн 1-11 насны 279 хүүхдийг хамруулан асран хамгаалагчдаас гэмтлээс хойш 1 сарын дараа сэтгэлзүйн өөрчлөлт, эмгэгийг тодорхойлох 20 асуулт бүхий шалгах хуудсаар асуумж авч үр дүнг тооцсон. Үр дүн: Судалгаанд хамрагдсан хүүхдүүдэд түлэгдлийн дараах стрессийн эмгэг (PTSD)-ийн дундаж оноо 13.65±10.35 байсан. Түлэгдлийн шалтгаанаар харьцуулахад гал болон галын дөлд түлэгдсэн хүүхдүүдэд PTSDийн оноо хамгийн өндөр (20.92±13.94) илэрсэн. Хүүхдийн нас болон түлэгдлийн хувь нь PTSD-ийн оноотой эерэг, статистик ач холбогдол бүхий хамааралтай байв (P<0.001). Мөн нас, халуун пийшин, халуун цай хоол, цахилгааны шалтгаант түлэгдэл, түлэгдлийн хувь зэрэг хүчин зүйлс нь түлэгдлийн дараах PTSD үүсэхэд нөлөөлөх эрсдэлт хүчин зүйлс болох нь тогтоогдсон (P<0.001). Дүгнэлт: Судалгаанд хамрагдсан 279 хүүхдийн 9.4%-д гэмтлийн дараах стрессийн эмгэг (PTSD) клиникийн ач холбогдолтой түвшинд илэрсэн. PTSD оноо нь хүүхдийн нас болон түлэгдлийн хувьтай эерэг, статистик ач холбогдол бүхий хамааралтай байв. Мөн халуун пийшин, халуун цай хоол, цахилгааны шалтгаант түлэгдэл, түлэгдлийн 3-4-р зэргийн гэмтэл, дээд мөч болон хавсарсан байршлын түлэгдэл нь PTSD үүсэх эрсдэлийг нэмэгдүүлж буй чухал хүчин зүйлс болох нь тодорхойлогдлоо.

АШУҮИС-ийн цахим номын санд

Энэ өгүүллийг цахим номын санд үзэх →

Зохиогчдын судлаачийн профайл: Э.Саранчимэг

Татсан тоо

Нийтлэгдсэн

2026-03-30

Дугаар

Салбар хэсэг

Эрдэм шинжилгээний өгүүлэл