Харханд албадан сэлэлтээр өдөөсөн архаг сульдалд Иммунофлю (Мана-4) эмийн үзүүлсэн нөлөө
Түлхүүр үг:
Иммунофлю, Архаг сульдал, Авир төрхХураангуй
Үндэслэл: Мана-4 танг уламжлалт анагаах ухааны эх сурвалжуудад халууныг боловсруулах, хижиг халуун, цайвар бор бадган, цусан хатгалгыг дарах үйлдэлтэй хэмээсэн байдаг. Ч.Чимэдрагчаа (2002) нар Мана-4 тангийн халуун боловсруулах, үрэвслийн эсрэг, дархлаа дэмжих үйлдэлтэй болохыг судлан тогтоожээ. Архаг сульдлын хам шинж нь эмнэлзүйд ядрах, халуурах, толгой өвдөх сэтгэл санаа хямрах, мартамхай болох, нойр сэргэг болох шинжээр ирдэг эмгэг юм. Сүүлийн үед нийгмийн хөгжлийг даган хүмүүсийн амьдралын хэмнэл, ажлын ачаалал нэмэгдэж бие, хэл, сэтгэлийн хямрал ихэссэнээс мэдрэл, дотоод шүүрлийн системийн үйл ажиллагаа алдагдах, хямрах, дархлааны чадамж доройтон улмаар архаг сульдлын хам шинжийн өвчлөл жилээс жилд нэмэгдсээр байгаа нь дэлхийн олон судлаачдын анхаарлыг их татаж байна. Гэвч тус эмгэгийн шалтгаан, өвчний хөгжлийн эмгэг жам бүрэн тодорхойгүй, эмчилгээний үр дүнтэй, тохиромжтой аргыг одоо хүртэл эрэлхийлсээр байна. Иймээс бид Мана-4 танд ордог найрлагуудаас бүрдсэн Иммунофлю уусдаг мөхлөгийг гаргаж авсан бөгөөд уг эмийн архаг сульдлын эсрэг үйлдлийн судалгаа хийгдээгүй байгаа нь уг судалгааг хийх үндэслэл боллоо. Зорилго: Уламжлалт анагаах ухаанд өргөн хэрэглэгддэг Мана-4 тангаас гарган авсан Иммунофлю эмийн архаг сульдлын эсрэг нөлөөг судлан тогтоох. Арга аргачлал: Бид Jia Wang (2013) нарын аргаар албадан сэлэлтээр өдөөсөн архаг сульдалын эмгэг загвар үүсгэн авир төрхийн үнэлгээ хийж хөдөлгөөний идэвх (open field test), айдас түгшүүр (elevated plus maze) зэрэг сорилуудаар Иммунофлю уламжлалт эмийн үзүүлэх нөлөөг судлан тогтоосон. Үр дүн: Бид архаг сульдлын эмгэг загварт Иммунофлю эмийг хэрхэн нөлөөлж буйг 100, 200, 400 мг/кг тунд авир төрхийн үнэлгээ хийж үнэлсэн. Задгай талбайн сорил (Open field test)-оор Иммунофлю бүлгийн амьтдыг эмгэг хяналтын бүлэгтэй харьцуулахад төвөөр дамжин гарсан тоонд аль ч тундаа статистик ялгаа илрээгүй (p>0.05). Харин босоо хөдөлгөөний идэвхийг Иммунал 50 мг/кг тунгаар өгсөн бүлгийг эмгэг хяналтын бүлэгтэй харьцуулахад 80.4%-иар (p=0.024), Иммунофлю 100 мг/кг тундаа 82.6%-иар (p=0.003), Иммунофлю 200 мг/кг тундаа 77.4%иар (p=0.035) статистик магадлалтай нэмэгдүүлсэн. Үүнээс харахад Иммунофлю эм 100, 200 мг/кг тундаа хөдөлгөөний идэвхийг нэмэгдүүлж байна. Амьтны сэтгэл түгшил, авир төрхийг үнэлдэг өргөгдсөн “Нэмэх” хэлбэрт замын сорилоор Иммунал 50 мг/кг тунгаар өгсөн бүлгийн амьтдыг эмгэг хяналтын бүлгийн амьтадтай харьцуулахад голын 10х10 талбайд байсан хугацаа 53.3%-иар (p=0.021), нээлттэй талбайд байсан хугацаа 61.4%-иар (p=0.032) тус тус статистик магадлалтай нэмэгдсэн. Мөн Иммунофлю бүлгийн амьтдыг эмгэг хяналтын бүлгийн амьтадтай харьцуулахад голын 10х10 талбайд гарсан тоо, байсан хугацаа, нээлттэй талбайд гарсан тоонд статистик ялгаа илрээгүй (p>0.05). Харин нээлттэй талбайд байсан хугацаанд Иммунофлю 200 мг/кг тундаа 60.6%-иар (p=0.026) нэмэгдүүлсэн байгаа нь айдас түгшүүрийг бууруулж байна. Дүгнэлт: Албадан сэлэлтээр өдөөсөн архаг сульдалын эмгэг загварт Иммунофлю эм 100, 200 мг/кг тундаа хөдөлгөөний идэвхийг 77.4-82.6%-иар нэмэгдүүлсэн. Айдас түгшүүрийг 200 мг/кг тундаа 60.6%-иар бууруулж, 100 мг/кг тундаа 35.3%-иар амьтны цөхрөл, сульдлыг бууруулж байна.
АШУҮИС-ийн цахим номын санд
Энэ өгүүллийг цахим номын санд үзэх →
Зохиогчдын судлаачийн профайл: П.Молор-Эрдэнэ
Татсан тоо
Нийтлэгдсэн
Дугаар
Салбар хэсэг
Лиценз
Энэхүү сэтгүүлд нийтлэгдсэн өгүүллүүд Creative Commons Attribution 4.0 (CC BY 4.0) лицензтэй. Зохиогч болон эх сурвалжийг зөв дурдсан нөхцөлд хэн ч хуулбарлах, түгээх, өөрчлөн ашиглах боломжтой. Зохиогчийн эрх зохиогчид хадгалагдана.
