Ургал мэдрэлийн тогтолцооны зохицуулгын алдагдал ба тосгуурын жирвэгнээ: холтер ЗЦБ-т суурилсан тохиолдол-хяналтын судалгаа
Түлхүүр үг:
Парасимпатик, (вагус) идэвхжил, Холтер электрокардиографи, Хэм алдагдалХураангуй
Үндэслэл: Ургал мэдрэлийн тогтолцоо нь зүрхний хэмийн зохицуулалт, зүрхний цохилтын давтамж, цусны даралтыг тогтвортой байлгах зэрэг амин чухал физиологийн үйл ажиллагааг зохицуулахад оролцдог. Насжилттай холбоотойгоор, ялангуяа 40-өөс дээш наснаас эхлэн ургал мэдрэлийн тогтолцооны зохицуулалт 10 жил тутамд дунджаар 5-8% буурдаг. Дэлхий дахинд тосгуурын жирвэгнээ тархалт хурдацтай өсөж байгаа ба Ази тивд 2050 он гэхэд 72 сая хүн уг өвчнөөр оношлогдоно хэмээн ази номхон далайн хэм судлалын нийгэмлэг тооцоолж байна. Үүнээс ойролцоогоор 3 сая тохиолдолд тархины цус харвалтын хүндрэл илрэх төлөвтэй байна. Тосгуурын жирвэгнээтэй өвчтөнүүдэд нас барах эрсдэл нийт хүн амтай харьцуулахад 1.5-2 дахин өндөр байдаг бөгөөд 40-өөс дээш наснаас уг өвчнөөр өвчлөх эрсдэл ойролцоогоор 25% байдаг байна. Манай улсын хувьд зүрхний цохилтын хэлбэлзэлд суурилан ургал мэдрэлийн тогтолцооны зохицуулгын алдагдлыг тодорхойлж, түүнийг тосгуурын жирвэгнээтэй холбон судлах нь цаашид тархинд цус харвах болон бусад хүндрэл үүсэх эрсдэлийг эрт илрүүлэх, урьдчилан сэргийлэх боломжийг бүрдүүлэх ач холбогдолтой. Иймд энэхүү судалгааг хийх үндэслэл болсон. Зорилго: Дөч ба түүнээс дээш насны хүн амд зүрхний цохилтын хэлбэлзлийн үзүүлэлтүүдэд суурилан ургал мэдрэлийн тогтолцооны зохицуулгын алдагдлыг үнэлэх. Арга, аргачлал: Энэхүү судалгааг эмнэлэгт суурилсан тохиолдолхяналтын судалгааны загвараар Промедика зүрхний эмнэлэгт 2025 оны 10 сараас 2026 оны 02 сарын 01-ны хооронд амбулаторийн тусламж үйлчилгээнд хамрагдаж холтер электрокардиографийн (ЭКГ) шинжилгээ хийлгэсэн нийт 70 үйлчлүүлэгчийг хамруулав. Судалгаанд нийт хамрагдагсдыг тохиолдын бүлэгт 31 үйлчлүүлэгчийг, хяналтын бүлэгт 39 үйлчлүүлэгчийг оруулсан. Ургал мэдрэлийн тогтолцооны зохицуулгын алдагдлыг зүрхний цохилтын хэлбэлзлийн цагийн домайн (time-domain) rMSSD, pNN50 болон давтамжийн домайн (frequency-domain) LF, HF, LF/HF харьцаа үзүүлэлтүүдээр үнэлэв. Судалгааны тоон мэдээлэлд статистик боловсруулалтыг STATA-15.0 программ ашиглан хийж гүйцэтгэсэн бөгөөд p<0.05 байгаа тохиолдолд статистикийн ач холбогдолтойд тооцсон. Үр дүн: Судалгаанд хамрагдагсдын 37.1% (n=26) нь эрэгтэй, 62.9% (n=44) нь эмэгтэй бөгөөд дундаж нас 56.9±11 жил (40–79) байв. Тохиолдол болон хяналтын бүлгүүдийн хооронд нас, хүйс, тамхидалт, артерийн гипертензи тархалтаар статистикийн ач холбогдолтой ялгаа илэрсэн p<0.05. Тохиолдлын бүлэгт зүрхний цохилтын хэлбэлзлийн pNN50, rMSSD үзүүлэлтүүд өссөн, мөн LF/ HF харьцаа буурсан нь парасимпатик (вагус) идэвхжил давамгайлж байгааг илтгэж байв. Уг өөрчлөлт нь ургал мэдрэлийн зохицуулгын алдагдалтай хүмүүст тосгуурын жирвэгнээ үүсэх магадлал 4.9 дахин өндөр эрсдэлийн харьцаа OR=4.90 (95% CI: 1.98-12.14) байлаа. Дүгнэлт: Зүрхний цохилтын хэлбэлзэлд суурилсан ургал мэдрэлийн тогтолцооны зохицуулгын алдагдал нь пароксизмт тосгуурын жирвэгнээ үүсэх эрсдэлтэй болохыг энэхүү судалгааны үр дүн харуулж байна.
АШУҮИС-ийн цахим номын санд
Энэ өгүүллийг цахим номын санд үзэх →
Зохиогчдын судлаачийн профайл: Ш.Үүртуяа
Татсан тоо
Нийтлэгдсэн
Дугаар
Салбар хэсэг
Лиценз
Энэхүү сэтгүүлд нийтлэгдсэн өгүүллүүд Creative Commons Attribution 4.0 (CC BY 4.0) лицензтэй. Зохиогч болон эх сурвалжийг зөв дурдсан нөхцөлд хэн ч хуулбарлах, түгээх, өөрчлөн ашиглах боломжтой. Зохиогчийн эрх зохиогчид хадгалагдана.
