Сурагчдын анхаарал дутах, хэт хөдөлгөөнтөх эмгэг болон цусан дахь хар тугалгыг судалсан дүн

Зохиогчид

  • Э.Содном АШУҮИС, НЭМС, Урьдчилан Сэргийлэх Анагаах Ухааны тэнхим Зохиогч
  • М.Еркебулан АШУҮИС, НЭМС, Эпидемиологи Биостатистикийн тэнхим Зохиогч
  • Э.Эрдэнэчимэг Монголын орчин хөдөлмөрийн эрүүл мэндийн нийгэмлэг Зохиогч
  • Б.Амгалан АШУҮИС, АУС, Хүүхдийн Анагаахын тэнхим Зохиогч

Түлхүүр үг:

Бүхэл цус, Вандерьбильтийн асуумж, Эрэгтэй, Шинж тэмдэг

Хураангуй

Үндэслэл: ДЭМБ-аас хар тугалгад өртөх аюулгүй түвшин гэж тодорхойлоогүй ба хүүхэд нь насанд хүрэгчидтэй харьцуулахад 4-5 дахин их хар тугалгыг биедээ шингээдэг ба цусан дахь хар тугалгын түвшин 3.5 мкг/дл хүрэхэд оюуны чадавх буурах, анхаарал төвлөрүүлэх чадвар алдагдах, сурах үйл явцад хүндрэл үүсэх цаашлаад оюуны хомсдол, зан үйлийн эмгэг үүсэх үр дагаварт хүргэдэг. Хүүхэд, өсвөр үеийнхний мэдрэлийн тогтолцоо болон цус-тархины хориг бүрэн хөгжөөгүй байдаг тул хар тугалгын нейротоксик нөлөөнд маш мэдрэмтгий байдаг. Хар тугалга нь допаминергийн, глутаматорергийн ба холинергийн замуудыг багтаасан хэд хэдэн нейротрансмиттерийн тогтолцоог гэмтээдэг. Эдгээр системийн үйл ажиллагааны алдагдал, ялангуяа допаминергийн замуудын өөрчлөлт нь АДХХЭ-ийн шинж тэмдгүүдтэй нягт холбоотой байна. Бага насны хүүхэд хар тугалгад өртөж, хордох эрсдэл маш өндөр байдаг ба насанд хүрэгчдээс 4-5 дахин их хар тугалгыг биедээ шингээдэг. Мөн хүүхдүүдийн төрөлхийн сониуч зан, гар хуруу ба тоглоомоо амаар хөхөх зэрэг хүүхдийн насанд тохиолдох зан үйл нь хар тугалгаар бохирлогдсон тоос, хөрс, будаг, эд зүйлстэй хүрэлцэх эрсдэлийг улам нэмэгдүүлдэг. Монгол улсад өмнө нь хүүхдийн анхаарал дутах, хэт хөдөлгөөнтөх эмгэг ба үсэнд агуулагдах хар тугалгын түвшинг холбон судалсан судалгаа хийгдсэн байгаа ч цусан дахь тугалгын түвшинтэй холбон судалсан судалгаа хийгдээгүй байна. Цусан дах хар тугалгын түвшин хүүхдийн анхаарал дутах, хэт хөдөлгөөнтөх эмгэгт нөлөөлдөг эсэхийг тодорхойлсноор уг эмгэгээс урьдчилан сэргийлэх, эмнэлзүйн шинжүүдийг бууруулах нэмэлт эмчилгээний арга хэмжээ боловсруулахад шинжлэх ухааны үндэслэл болж, эмнэлзүйд ашиглах боломжтой юм. Зорилго: Хүүхдийн анхаарал дутах, хэт хөдөлгөөнтөх эмгэгийг цусан дахь хар тугалгын түвшинтэй холбон судлах. Арга, аргачлал: Судалгааг өрхөд суурилсан аналитик судалгааны агшны загварыг ашиглан 6-14 насны 306 хүүхдийг хамруулах шалгуурын дагуу санамсаргүй түүвэрлэн эцэг, эх буюу асран хамгаалагч, анги удирдсан багшаас анхаарал дутах, хэт хөдөлгөөнтөх эмгэгийн тохиолдлыг илрүүлэх Вандербильтийн асуумж авч, цусан дахь хар тугалгын түвшинг тодорхойлох шинжилгээг “NIOSH8005” стандарт аргын дагуу Индукцийн холбоот плазмын спектрометр (ICP-OES) багаж ашиглан MNS ISO 17025:2018 итгэмжлэгдсэн лабораторид шинжилсэн. Үр дүн: Судалгаанд оролцсон хүүхдийн 34(11.1%) нь АДХХЭ илэрсэний 67.64% нь эрэгтэй, 32.35% эмэгтэй байв. Хүйсийн харьцаа хөвгүүд охидод 2:1 буюу хөвгүүд охидоос 3.6 дахин их тохиолджээ (OR=3.675, 95% CI:2.276-6.210, p<.0001). АДХХЭ-ийн эмнэлзүйн 3 хэлбэр байдгаас анхаарал дутах хэлбэр 38.2% (13), хэт хөдөлгөөнтөх хэлбэр 52.9% (18), хавсарсан хэлбэртэй 8.8% (3) тохиолдсон ба эмнэлзүйн хэлбэр, хүйсийн байдлыг харьцуулахад эрэгтэй хүүхдэд хэт хөдөлгөөнтөх хэлбэр 60.9% (14), эмэгтэйд анхаарал дутах хэлбэр 45.5% (5) илүү тохиолдсон. Хүүхдийн цусан дахь хар тугалгын түвшний дундаж хэмжээ 4.8±2.33 мкг/дл байсан бол АДХХЭ-тэй хүүхдэд 6.16±2.47 мкг/ дл, эмгэггүй хүүхдэд 4.75±2.31 мкг/дл буюу судалгааны бүлэгт статистик ач холбогдол бүхий ялгаатай байна. АДХХЭ үүсэхэд нөлөөлөх хүчин зүйлсийг хүүхдийн өвчлөлийн байдалтай холбон судлахад хүүхэд цус багадалт, рахит, тураал, цочмог халууралт өвчнөөр олон дахин өвдөх нь статистик ялгаа бүхий эрсдэлт хүчин зүйлс байна (p=0.012). Харин хурц богино хугацаанд үргэлжилсэн өвчнүүд эрсдэлт хүчин зүйлс болоогүй байна. Дүгнэлт: 1. Сурагчдын дунд АДХХЭ-ийн тархалт 11.1% ба хүйсийн хувьд хөвгүүд охидоос илүү АДХХЭ-ээр өвчилж байна. 2. Анхаарал дутах, хэт хөдөлгөөнтөх эмгэгээр өвчлөхөд цусан дахь хар тугалгын түвшин нөлөөлж байна.

АШУҮИС-ийн цахим номын санд

Энэ өгүүллийг цахим номын санд үзэх →

Зохиогчдын судлаачийн профайл: М.Еркебулан

Татсан тоо

Нийтлэгдсэн

2026-03-30

Дугаар

Салбар хэсэг

Эрдэм шинжилгээний өгүүлэл