Лавлагаа шатлалын эмнэлгүүдийн сувилагчдын өвдөлт намдаах мэдлэгт нөлөөлөх хүчин зүйлсийг харьцуулсан дүн шинжилгээ
Түлхүүр үг:
Pain management, Nurses, Clinical decision-making, Nursing education, Work experienceХураангуй
Үндэслэл: Сувилагч нар нь өвчтөний өвдөлтийг үнэлэх, эмчилгээний үр дүнг хянах, эмнэлзүйн шийдвэр гаргалтад оролцдог гол мэргэжилтнүүд юм. Тэдний өвдөлтийн менежментийн мэдлэг, эмийн аюулгүй хэрэглээ, шийдвэр гаргах чадвар нь тусламж үйлчилгээний чанар, аюулгүй байдалд шууд нөлөөлдөг. Сувилагч нарын мэдлэг хангалтгүй байх нь өвдөлтийг дутуу үнэлэх, эмийн буруу хэрэглээ, гаж нөлөөг цаг алдалгүй илрүүлэхгүй байх эрсдэлийг нэмэгдүүлдэг болохыг өмнөх судалгаанууд тогтоосон. Гэсэн хэдий ч Монгол Улсын АШУҮИС-ийн Монгол-Японы Эмнэлэг (МЯЭ) болон БНХАУын Өвөр Монголын Олон улсын Монгол Эмнэлгийн (ӨМОУМЭ) сувилагч нарын чадамжийг харьцуулсан судалгаа хомс байна. Зорилго: Сувилагч нарын өвдөлт намдаах мэдлэгийн түвшинг тодорхойлон харьцуулах, мэдлэгт нөлөөлж буй хүчин зүйлс болон тэдгээрийн хамаарлыг шинжлэхэд оршино. Арга, аргачлал: Аналитик агшингийн судалгааг 2024 оны 12-р сараас 2025 оны 3-р сарын хооронд МЯЭ болон ӨМОУМЭ -ийн нийт 212 сувилагчийг хамруулан гүйцэтгэв. Мэдээлэл цуглуулахад өвдөлтийн талаарх мэдлэг, хандлагыг үнэлэх олон улсын (KASRP) асуумжийг (39 асуулттай, α=0.851) ашигласан. Мэдээллийг IBM SPSS Statistics 26 программд тайлбарлах статистик, үл хамаарах түүврийн т-тест, ANOVA, Манн–Уитнигийн У тест, Пирсоны корреляци болон шаталсан шугаман регрессийн шинжилгээгээр боловсруулж, статистик ач холбогдлыг (p<0.05) түвшинд үнэлэв. Үр дүн: Судалгаанд оролцогчдын нас, боловсрол, мэргэжлийн зэрэг, ажилласан жилийн хувьд хоёр эмнэлэг ялгаатай бүтэцтэй байв. Нийт мэдлэгийн дундаж оноо ажиллаж буй эмнэлгээрээ статистик ач холбогдолтой ялгаатай гарч, ӨМОУМЭ -ийн сувилагч нар МЯЭ-ийн сувилагч нараас илүү өндөр оноо авсан (26.69±7.55, 19.88±5.21; p<0.001). Мэдлэгийн чиглэл тус бүрээр тодорхойлход, ӨМОУМЭ -ийн сувилагч нарт суурь ойлголт болон эмийн мэдлэгээр давуу байсан бол МЯЭ-ийн сувилагч нар эмнэлзүйн шийдвэр гаргалт, эмнэлзүйн тохиолдолд суурилсан асуултуудад статистик ач холбогдол бүхий илүү гүйцэтгэл үзүүлэв (p<0.001). Ажилласан жил болон мэдлэгийн оноо хооронд дундаж түвшний эерэг хамаарал (r=0.434, p<.001) ажиглагдсан боловч регрессийн шинжилгээгээр боловсролын түвшин болон мэргэжлийн зэрэг нь мэдлэгт нөлөөлөх хамгийн хүчтэй, бие даасан хүчин зүйлс болж байна. Дүгнэлт: 1. Сувилагч нарын өвдөлт намдаах талаарх мэдлэгийн түвшин ажиллаж буй газраар харьцуулахад статистикийн ач холбогдолтой ялгаатай бөгөөд ӨМОУМЭ -ийн сувилагч нарын мэдлэгийн дундаж оноо МЯЭ-ийн сувилагч нараас илүү өндөр байсан ч эмнэлзүйн шийдвэр гаргалтанд МЯЭ-ийн сувилагч нар мэдлэгийн түвшин өндөр байгаа нь харагдлаа. 2. Сувилагчдын өвдөлт намдаах мэдлэгийн түвшинд нөлөөлөх хүчин зүйлс нь олон талтай бөгөөд тэдгээрийн дотроос ажилласан жил болон мэдлэгийн түвшний хооронд эерэг хамаарал ажиглагдсан боловч олон хүчин зүйлийг зэрэг хянасан регрессийн шинжилгээнд ажилласан жил нь бие даасан таамаглагч болж чадахгүй байна.
АШУҮИС-ийн цахим номын санд
Татсан тоо
Нийтлэгдсэн
Дугаар
Салбар хэсэг
Лиценз
Энэхүү сэтгүүлд нийтлэгдсэн өгүүллүүд Creative Commons Attribution 4.0 (CC BY 4.0) лицензтэй. Зохиогч болон эх сурвалжийг зөв дурдсан нөхцөлд хэн ч хуулбарлах, түгээх, өөрчлөн ашиглах боломжтой. Зохиогчийн эрх зохиогчид хадгалагдана.
