Анхдагч дисменорейн өвдөлтийн битүү бумбат төөнүүр эмчилгээний үр дүн
Түлхүүр үг:
Сарын тэмдгийн өвдөлт, Өвдөлт намдаах, Эмийн бус эмчилгээХураангуй
Үндэслэл: Анхдагч дисменорей (Primary Dysmenorrhea) нь өсвөр нас болон нөхөн үржихүйн насны эмэгтэйчүүдийн дунд 30–50%-д тохиолддог, хэвлийн доод хүчтэй өвдөлтөөр илэрч амьдралын чанарт сөргөөр нөлөөлдөг нийтлэг эмгэг юм. Орчин үеийн анагаах ухаанд стероид бус үрэвслийн эсрэг эм болон жирэмслэлтээс хамгаалах бэлдмэлүүдийг эмчилгээнд хэрэглэдэг боловч ходоод гэдэсний гаж нөлөө, эсрэг заалт зэрэг сул талтай байдаг. Иймээс эмийн бус эмчилгээ уламжлалт анагаах ухааны “Битүү бумбат төөнүүр” зэрэг аргуудын өвдөлт намдаах болон цусны эргэлтийг сайжруулах үр нөлөөг судлах шаардлага нэмэгдэж байгаа нь энэхүү судалгааны үндэслэл боллоо. Зорилго: Анхдагч дисменорейн эмчилгээнд “Битүү бумбат төөнүүр”ийн үр нөлөөг үнэлэх. Арга, аргачлал: Монгол Анагаах Ухааны Төв Эмнэлэг, БНХАУ-ын ӨМӨЗО-ны Өвөр Монголын Олон Улсын Монгол Эмнэлгийг түшиглэсэн. Энэхүү судалгааг санамсаргүй хяналттай туршилтын аргаар хийж гүйцэтгэв. Судалгаанд нийт 60 өвчтөн хамрагдах ба тэдгээрийг эмчилгээний бүлэг (n=30) болон хяналтын бүлэг (n=30) гэж хоёр тэнцүү хэсэгт хуваарилсан. Эмчилгээний үр дүнг үнэлэхдээ Өвдөлтийн эрчийг Visual Analogue Scale (VAS)-аар, амьдралын чанарыг EQ-5D-5L асуумжаар, сэтгэлзүйн байдлыг Cox-ийн сарын тэмдгийн шинж тэмдгийн үнэлгээний шалгуураар тус тус үнэлсэн. Үр дүн: Битүү бумбат төөнүүр эмчилгээ хийсэн туршилтын бүлэгт COX үзүүлэлт эмчилгээний эхний үеийнхтэй харьцуулахад 3 сарын дараа ойролцоогоор 99% буурсан бол хяналтын бүлэгт ойролцоогоор 27% буурсан. Мөн VAS болон EQ-5D-5L оноонууд туршилтын бүлэгт эмчилгээний хугацаа уртассах тусам статистикийн ач холбогдолтойгоор мэдэгдэхүйц буурсан (P<0.001) нь битүү бумбат төөнүүр эмчилгээ өвдөлт болон зовуурийг үр дүнтэй бууруулсныг харуулж байна. Дүгнэлт: Бумба төөнүүр эмчилгээ нь анхдагч дисменорейн үед өвдөлт болон дагалдах зовуурьыг мэдэгдэхүйц бууруулж, өвчтөний амьдралын чанарыг сайжруулах үр нөлөөтэй төдийгүй эмчилгээний хугацаа уртассах тусам эмчилгээний үр дүн нэмэгдэж, туршилтын бүлгийн үзүүлэлтүүд хяналтын бүлгээс статистикийн ач холбогдолтойгоор илүү сайжирсан байна. Иймээс бумба төөнүүр эмчилгээ нь анхдагч дисменорейн үед хэрэглэх боломжтой, үр дүнтэй уламжлалт эмчилгээний арга болох нь тодорхойлогдлоо.
АШУҮИС-ийн цахим номын санд
Энэ өгүүллийг цахим номын санд үзэх →
Зохиогчдын судлаачийн профайл: Б.Сэдэд, Т.Лхамжав, Ч.Батнайрамдал
Татсан тоо
Нийтлэгдсэн
Дугаар
Салбар хэсэг
Лиценз
Энэхүү сэтгүүлд нийтлэгдсэн өгүүллүүд Creative Commons Attribution 4.0 (CC BY 4.0) лицензтэй. Зохиогч болон эх сурвалжийг зөв дурдсан нөхцөлд хэн ч хуулбарлах, түгээх, өөрчлөн ашиглах боломжтой. Зохиогчийн эрх зохиогчид хадгалагдана.
