Монгол-Япон эмнэлгийн эрчимт эмчилгээний тасагт үжил, үжлийн шок оношоор хэвтэн эмчлүүлэгсдийн тавиланд нөлөөлж буй хүчин зүйлсийн судалгаа

Зохиогчид

  • Ш.Эрхэмбилэг Зохиогч
  • Э.Эрдэнэтуяа Зохиогч
  • Э.Сайн-Ерөөлт Зохиогч
  • Л.Тамир Зохиогч

Түлхүүр үг:

Лактатын түвшин, олон эрхтний дутагдал, халдварын голомтын тоо, ялтас эсийн өөрчлөлт

Хураангуй

Үндэслэл: Халдварын эсрэг эзэн биеийн зохицуулгагүй хариу урвалын дүнд эд, эрхтэн гэмтэж амь насанд аюултай байдал үүсэхийг үжил гэнэ. Дэлхий даяар жил бүр 19 сая гаруй хүн үжил өвчнөөр шаналж, ойролцоогоор 6 сая хүн энэ өвчнөөр нас барж байгаа бөгөөд нийт нас баралтын тэргүүлэх шалтгаануудын 3-т (25%) бичигдэж байна гэсэн статистик тоон мэдээлэл байна. Иймд тавиланд нөлөөлж буй хүчин зүйлс, хоорондын уялдаа хамаарлыг судлах нь бидний судалгааны үндэслэл болсон. Зорилго: МонголЯпон эмнэлгийн (МЯЭ) эрчимт эмчилгээний тасагт (ЭЭТ) үжил болон үжлийн шокийн улмаас хэвтэн эмчлүүлэгсдийн тавиланд нөлөөлөх хүчин зүйлсийг судлах. Арга, аргачлал: Бид 2023, 2024 онд МЯЭ-н ЭЭТ-т үжил, үжлийн шок оношоор хэвтэн эмчлүүлэгчдийн тавиланд нөлөөлөх хүчин зүйлсийг ретроспектив судалгааны аргыг ашиглан хийсэн бөгөөд нийт эмчлүүлэгсдийн архаг хууч өвчин, олон эрхтний дутагдал, халдварын голомтын тоо, ирэх үеийн лаборатори шинжилгээний зарим үзүүлэлтүүдийг тавилантай хамааруулан харьцуулж судалсан. Үр дүн: 2023, 2024 онд МЯЭ-ийн ЭЭТ-т нийт 430 хүн хэвтэн эмчлүүлсэн ба үжил, үжлийн шоктой 136 (31.6%) тохиолдлоос эмчлэгдсэн 94 (69.1%), нас барсан 42 (30.8%) байв. Эмчлэгдсэн болон нас барсан бүлгүүдэд архаг хууч өвчин, цагаан эс, нейтрофиль, лимфоцит, бие гүйцсэн гранулоцит, С урвалж уураг, креатинин зэргийн хувьд ялгаа ажиглагдсангүй. Үжил үжлийн шок оношоор нас барсан бүлэгт нөлөөлсөн хүчин зүйлсийг судлахад олон эрхтний дутагдал (р<0.000), халдварын голомт >2 (р<0.001), лактат >2 ммоль/л (р<0.002), ялтас эсийн өөрчлөлт (р<0.014) ач холбогдол бүхий ялгаатай байна. Халдварын голомтыг бүлэглэн авч үзэхэд Хэвлийн хөндийн халдвар 35 (25.7%), Уушгины хатгаа 34 (25%), Арьс зөөлөн эдийн халдвар 30 (22.5%), Бөөр шээсний замын халдвар 22 (16.1%), Буглаа 10 (7.35%), Сүрьеэ 3 (2.2%), Гуурстай холбоотой цусаар түгэх халдвар/Мэдрэлийн гаралтай халдвар (0.73%) тус тус эзэлж байсан. Дүгнэлт: Судалгаанд хамрагсдад зонхилон тохиолдох халдварын голомтын бүлэг нь хэвлийн хөндийн халдвар болон амьсгалын замын эмгэг байна. Үжил, үжлийн шоктой эмчлүүлэгсдэд олон эрхтний дутагдал, халдварын голомт олон байх, лактатын түвшин >2 ммоль/л, ялтас эсийн өөрчлөлт зэрэг нь тавиланд нөлөөлөх эрсдэлийг нэмэгдүүлж байна.

АШУҮИС-ийн цахим номын санд

Энэ өгүүллийг цахим номын санд үзэх →

Татсан тоо

Нийтлэгдсэн

2025-01-01

Дугаар

Салбар хэсэг

Төгсөлтийн дараах сургалтын салбар