Чих хамар хоолойн үрэвсэл үүсгэгч зарим бактерууд тэдгээрийн антибиотикт мэдрэг чанарыг тодорхойлсон дүн (Дархан-Уул аймгийн жишээ дээр)

Зохиогчид

  • Т.Маралмаа АШУҮИС, Био-Анагаахын сургууль, Эм судлалын тэнхим Зохиогч
  • С.Сарнай АШУҮИС, Био-Анагаахын сургууль, Эм судлалын тэнхим Зохиогч
  • Б.Ойгончимэг АШУҮИС, Био-Анагаахын сургууль, Эм судлалын тэнхим Зохиогч
  • А.Алтанзул “Бид” эмнэлэг Зохиогч
  • И.Хүслэн “Бид” эмнэлэг Зохиогч
  • Д.Итгэл “Бид” эмнэлэг Зохиогч
  • Д.Нарантунгалаг АШУҮИС, Био-Анагаахын сургууль, Эм судлалын тэнхим Зохиогч

Түлхүүр үг:

Стафилакокк, Стрептококк, Бактериологи, Антибиотик тэсвэржилт

Хураангуй

Үндэслэл: Чих, хамар, хоолойн үрэвсэлт эмгэг нь түгээмэл тохиолддог ба эмнэлэгт хандалтын өндөр хувийг эзэлдэг өвчлөл юм. Эдгээр өвчин нь өвчтөний амьдралын чанарыг бууруулах, ажлын болон суралцах чадварыг сааруулах, эрүүл мэндийн зардлыг нэмэгдүүлэх сөрөг нөлөөтэй. Антибиотик нь халдварын эсрэг эмчилгээнд чухал үүрэгтэй боловч түүний зохисгүй хэрэглээ нь эмгэг төрүүлэгчидийн антибиотикт тэсвэржилтийг нэмэгдүүлдэг. Монгол Улсад, тэр дундаа ДарханУул аймагт эдгээр өвчний үед илэрч буй бактери болон антибиотикт мэдрэг чанарын талаарх мэдээлэл хязгаарлагдмал тул орон нутгийн нөхцөлд MRSA болон антибиотикт тэсвэржилтийн тархалтыг үнэлэх нь эмнэлгийн практикт эмчилгээ үйлчилгээний зөвлөмж боловсруулах, антибиотикийн зохистой хэрэглээг дэмжихэд чухал ач холбогдолтой юм. Иймд Монгол Улсын нөхцөлд хамар дайврын, залгиур хоолойн болон чихний үрэвсэлт эмгэгүүдийн үед илэрч буй эмгэг төрүүлэгчийн бүтэц, антибиотикт мэдрэг чанарыг харьцуулан үнэлэх нь эмчилгээний үр дүнг сайжруулах, антибиотикт тэсвэржилтийн тархалтыг хязгаарлахад чухал ач холбогдолтой байгаа нь энэхүү судалгааг хийх үндэслэл боллоо. Зорилго: Хамар дайвар, залгиур хоолой, чихний үрэвсэлт эмгэгүүдэд зонхилон халдвар үүсгэгч эмгэг төрүүлэгч бактерууд ба тэдгээрийн антибиотикт мэдрэг чанарыг үнэлэх. Арга, аргачлал: Судалгааг АШУҮИС, Био-АС, Эм судлалын тэнхим, Дархан-Уул аймгийн “Бид” эмнэлгийг түшиглэн 2024 оны 1 сараас 2025 оны 2 сар хүртэлх 1 жилийн хугацаанд чих хамар хоолойн амбулаторид чих хамар хоолойн үрэвсэлт эмгэгтэй гэж сэжиглэсэн үйлчлүүлэгчдийн арчдасын шинжилгээний мэдээллийн нэгдсэн сангаас (n=185) хамруулах болон хасах шалгуурын хүрээнд 145 үйлчлүүлэгчдийн мэдээлэлд үндэслэн, байгууллагад суурилсан, ажиглалт судалгааны нэг агшингийн, ретроспектив загвараар SPSS-26.0 (IBM software Inc USA) программ ашиглан хийж гүйцэтгэсэн. Үр дүн: Судалгаанд 1–73 насны нийт 145 үйлчлүүлэгч хамрагдсанаас хамрын арчдасанд 36 (24.8%), залгиур хоолойн арчдас 56 (38.6%), чихний арчдас 53 (36.6%) авсны 117 (80.7%)-д эмгэг төрөгч илэрсэнээс Staphylococcus aureus нь хамрын арчдасны сорьцын 65.5%, залгиур хоолойн арчдасны 53.6%, чихний арчдасны 67.4%-д тус тус илэрсэн бөгөөд чихний арчдасд илэрсэн S. aureus-ийн 27.6% (n=8) нь MRSA байв. Антибиотик мэдрэг чанарын шинжилгээгээр хамрын арчдасанд илэрсэн S. aureus нь амоксациллин (100%), ампициллин (90.0%), эритромицин (87.5%), азитромицин (81.8%) тэсвэржилттэй, цефазолин (72.7%), доксициклин (80.0%), ванкомицин (75.0%)д мэдрэг байв. Залгиур хоолойн арчдасанд илэрсэн S. aureus нь амоксациллин (100%), ампициллин (100%), хлорамфеникол (87.5%), азитромицин (75.0%) тэсвэржилттэй, ципрофлоксацин (69.2%), ванкомицин (66.7%)-д мэдрэг байв. Чихний арчдасанд илэрсэн S. aureus нь гентамицин (77.8%), кларитромицин (71.4%), азитромицин (66.7%), пенициллин G (66.7%)-д тэсвэржилттэй, нитрофурантоин (87.5%), ванкомицин (68.8%), ципрофлоксацин (64.7%)-д харьцангуй өндөр мэдрэг байдал ажиглагдав. Streptococcus. spp-ийн хувьд эритромицин (84.6%), амоксациллин (76.9%), хлорамфеникол (71.4%)-д тэсвэржилттэй, амоксиклав (54.6%), цефазолин (63.2%), цефотаксим (50.0%)-д тус тус мэдрэг байв. Дүгнэлт: 1. Чих, хамар, хоолойн үрэвсэлт өвчлөл нь Staphylococcus aureus -р зонхилон үүсгэгдэж байна. 2. Зонхилон тохиолдож буй Staphylococcus aureus нь пенициллин, макролид, аминогликозидын бүлгийн антибиотикуудад өндөр тэсвэржилттэй байна.

АШУҮИС-ийн цахим номын санд

Энэ өгүүллийг цахим номын санд үзэх →

Зохиогчдын судлаачийн профайл: Б.Ойгончимэг, Д.Нарантунгалаг

Татсан тоо

Нийтлэгдсэн

2026-02-03

Дугаар

Салбар хэсэг

Эрдэм шинжилгээний өгүүлэл