Тархины эдэд нэгэн зэрэг олноор үүссэн цус харвалтыг судалсан үр дүн
Түлхүүр үг:
Артерийн гипертензи, Цусан хурааны байршил, 2 талын, Нас баралтХураангуй
Үндэслэл: Тархины эдэд нэгэн зэрэг олноор үүссэн цус харвалт (ТЭНЗОҮЦХ) гэдэг нь артерийн олон судасны бүсийг нэгэн зэрэг хамарсан тархины эдийн цус харвалт ба ховор тохиолдох эмнэлзүйн илрэл юм. Тархины эдийн цус харвалтын үндсэн шалтгаанд артерийн гипертензи тооцогддог бол ТЭНЗОҮЦХ-ыг үүсгэх шалтгаан, эрсдэлт хүчин зүйлс бүрэн тогтоогдоогүй нь энэхүү судалгааны үндэслэл боллоо. Зорилго: ТЭНЗОҮЦХ-ын эрсдэлт хүчин зүйлс, эмнэлзүй болон тавиланг нэг тооны цусан хураа бүхий тархины эдийн цус харвалт (ТЭЦХ)-тай харьцуулан судлах. Арга, аргачлал: Улсын гуравдугаар төв эмнэлэг (УГТЭ)-т ТЭЦХ оношоор хэвтэн эмчлүүлэгсдээс асуумж авч, үзлэг хийж, тархины компьютерт томографи (КТ) шинжилгээ хийсэн. Толгойн КТ-иар тархины эдэд үүссэн цусан хурааны тоо болон байршлаас хамааран нэг тооны цусан хураа үүссэн бол ТЭЦХ, өөр өөр артерийн судасны бүсэд хамрагдах, тусгаар байршсан 2 ба түүнээс дээш тооны цусан хураа үүссэн бол ТЭНЗОҮЦХ гэж үзсэн. Цусан хурааны байршил, эзлэхүүнийг КТ-иар тодорхойлсон ба цусан хурааны эзлэхүүнийг “ABC/2” аргаар хэмжсэн. Үр дүн: Судалгаанд хамрагдсан нийт 718 тохиолдлын 709 (98.75%) нь ТЭЦХ, 9 (1.25%) нь ТЭНЗОҮЦХ тус тус байсан. 2 бүлгийн хооронд нас, хүйс, эмнэлзүй, үүнд, эмнэлэгт хэвтэх КГҮ болон ҮЭМХХҮ-ний оноо, эрсдэлт хүчин зүйлс, цусан хурааны байршил, эзлэхүүн, SMASH-U ангилалаар шалтгаан, тавиланг шалгахад статистикийн ач холбогдолтой ялгаа илрээгүй (бүгд р>0.05). ТЭНЗОҮЦХ-ын бүлэгт SMASH-U ангилалаар артерийн гипертензийн шалтгаан 6 (66.7%) буюу давамгайлж, байршлын хувьд цусан хураа 2 талын таламус болон суурийн зангилаанд (33.3% ба 33.3%) хамгийн ихээр байршсан байв. 3 сарын дараах нас барах эрсдэлийг нас болон ҮЭМХХҮ-ний оноо (OR 1.018; 95% CI, 1.000-1.036; p=0.044 ба OR 1.080; 95% CI, 1.029-1.135; р=0.002) нэмэгдүүлж, харин КГҮ-ний оноо (OR 0.834; 95% CI, 0.734-0.948; р=0.006) бууруулдаг болох нь тогтоогдов. Дүгнэлт: ТЭНЗОҮЦХ-ын үеийн шалтгаан, эрсдэлт хүчин зүйлс, ХЧА ТЭЦХ-тай адил боловч урт хугацааны тавиланд нас болон эмнэлэгт хэвтэх үеийн ҮЭМХХҮ сөргөөр нөлөөлдөг байна.
АШУҮИС-ийн цахим номын санд
Татсан тоо
Нийтлэгдсэн
Дугаар
Салбар хэсэг
Лиценз
Энэхүү сэтгүүлд нийтлэгдсэн өгүүллүүд Creative Commons Attribution 4.0 (CC BY 4.0) лицензтэй. Зохиогч болон эх сурвалжийг зөв дурдсан нөхцөлд хэн ч хуулбарлах, түгээх, өөрчлөн ашиглах боломжтой. Зохиогчийн эрх зохиогчид хадгалагдана.
