Сууцны доторх орчны агаар дахь РМ2.5 тоосонцор ба амьсгалын замын өвчний зарим шинж тэмдгүүдийг холбон судалсан дүн
Түлхүүр үг:
Амьсгалын замын өвчний шинж тэмдэг, Сууцны доторх орчин, РМ2.5 тоосонцорХураангуй
Үндэслэл: Агаарын бохирдол нь дэлхий нийтийн дунд нийгмийн эрүүл мэндийн ноцтой аюул, эрсдэл болоод буйг цөөнгүй судалгаагаар нотолсон байдаг. Монгол улс нь гадна, доторх орчны агаарын бохирдлоор дэлхийд тэргүүлж буй бөгөөд үүнээс шалтгаалсан өвчлөл, нас баралт нь жил бүр нэмэгдсээр байна. Хүн амьдралынхаа ихэнх хувийг доторх орчинд өнгөрүүлдэг бөгөөд доторх орчны агаарын бохирдлыг тогтмол үнэлэн, судлах шаардлагатай юм. Зорилго: Улаанбаатар, Дархан хотын айл өрхүүдийн сууцны доторх орчны агаар дахь РМ2.5 тоосонцрын агууламжийг амьсгалын замын өвчлөлийн зарим шинж тэмдгүүдтэй холбон судлах. Арга, аргачлал: Судалгааг аналитик судалгааны когорт загвараар 2023 оны 10 дугаар сараас 2025 оны 07 дугаар сарын хооронд гүйцэтгэсэн ба Улаанбаатар хотын төвийн 4 дүүрэг болон Дархан хотуудыг тус тус судалгаанд хамруулав. Улаанбаатар хотоос гэр, байшинд амьдардаг тус бүр 48 өрх, орон сууцанд амьдардаг 24 өрх, Дархан хотоос гэр, байшинд амьдардаг тус бүр 48 өрх, орон сууцны 24, нийт 240 өрхийг зорилтот түүврийн аргаар хамруулсан. Судалгаанд хамрагдсан айл өрхүүдэд шууд хэмжилтийн (PurpleAir) багажийг 3-4 долоо хоногийн туршид байршуулан доторх орчны агаар дахь РМ2.5 тоосонцрыг 24 цагийн турш хэмжсэн. Айл өрхийн доторх орчны агаар дахь РМ2.5 тоосонцрыг хэмжсэний дараа тухайн өрхөөс судалгаанд хамрагдсан 18-60 насны оролцогчдоос асуумжаар мэдээлэл цуглуулан, эрүүл мэндийн үзлэгт хамруулсан. Үр дүнгийн боловсруулалтыг STATA-19.0, R программуудыг ашиглан гүйцэтгэлээ. Үр дүн: Судалгаанд 213-239 айл өрхийг сонгосон ба үүнд 17-26 орон сууц, 42-58 байшин, 38-50 гэрт амьдардаг айл өрхүүд багтав. Улаанбаатар хотын айл өрхүүдийн доторх орчны агаарт агуулагдах PM2.5 тоосонцрын 24 цагийн дундаж агууламж өвөл, зуны улиралд Дархан хотын айл өрхүүдээс харьцангуй өндөр хэмжигдсэн. Улаанбаатар хотын дүүргүүдээс PM2.5 тоосонцрын хамгийн өндөр агууламж Сонгинохайрхан дүүрэгт, хамгийн бага агууламж Баянзүрх дүүрэгт хэмжигдсэн. Хотуудыг халаалтын төрлөөр нь авч үзвэл зуухтай айл өрхүүд төвлөрсөн халаалттай айл өрхүүдээс илүү бохирдолтой байна. Дархан хотын хувьд орон сууцанд хамгийн бага агууламж 22.78-31.53 мкг/м³, байшинд 44.53-68.17 мкг/м³-ийн хооронд, уламжлалт эсгий сууцанд (гэр) хамгийн өндөр агууламж тус тус хэмжигдсэн (63.20-68.25 мкг/м³). Харин Улаанбаатар хотын айл өрхүүдэд PM2.5 тоосонцрын агууламж бүх төрлийн сууцанд харьцангуй өндөр байсан бөгөөд орон сууцанд 41.61-58.37 мкг/м³, байшинд 79.22-92.50 мкг/м³, уламжлалт эсгий сууц болох гэрт 76.69-86.31 мкг/м³ тус тус байв. Зуны улиралд Дархан хотод PM2.5 тоосонцрын доторх агууламж орон сууцанд 3.10-10.03 мкг/м³, байшинд 7.67-14.37 мкг/м³, уламжлалт эсгий сууцанд (гэр) 7.98-17.90 мкг/м³ байв. Сууцны доторх орчны агаар дахь РМ2.5 тоосонцрын агууламж нь амьсгаадах, бие зарайх, бие сулрах, булчингаар өвдөх, дотор муухайрах, зүрх дэлсэх, найтаах, нус гарах, нүдний салст үрэвсэх, нүдний ухархайгаар хөндүүрлэж өвдөх, нүднээс нулимс гарах, толгой өвдөх, халуурах, хамар битүүрэх, ханиах, хоолны дуршил буурах, хоолой өвдөх, цэр гарах, цээж шуугих, цээжээр өвдөх зэрэгтэй статистик ач холбогдол бүхий хамааралтай байна. Дүгнэлт: Улаанбаатар, Дархан хотын айл өрхүүдийн доторх орчны агаар дахь РМ2.5 тоосонцрын 24 цагийн дундаж агууламж өвлийн улиралд Монгол улсын стандарт хэмжээнээс өндөр байгаа бөгөөд судалгааны 2 жилийн хугацаанд өвөл, зуны аль ч улиралд Улаанбаатар хотод Дархан хоттой харьцуулахад өндөр байна. Доторх орчны агаар дахь РМ2.5 тоосонцрын агууламж нь амьсгалын замын өвчний зарим шинж тэмдгүүдтэй статистик ач холбогдол бүхий хамааралтай байна.
АШУҮИС-ийн цахим номын санд
Энэ өгүүллийг цахим номын санд үзэх →
Зохиогчдын судлаачийн профайл: Д.Өлзиймаа, Х.Сэр-Од, Ш.Шатар, С.Мягмарчулуун, Н.Хүрэлбаатар, Б.Дамдиндорж, Д.Даваалхам
Татсан тоо
Нийтлэгдсэн
Дугаар
Салбар хэсэг
Лиценз
Энэхүү сэтгүүлд нийтлэгдсэн өгүүллүүд Creative Commons Attribution 4.0 (CC BY 4.0) лицензтэй. Зохиогч болон эх сурвалжийг зөв дурдсан нөхцөлд хэн ч хуулбарлах, түгээх, өөрчлөн ашиглах боломжтой. Зохиогчийн эрх зохиогчид хадгалагдана.
