“Тетима” бэлдмэлийн архагдуу хорон чанарыг тодорхойлсон үр дүн
Түлхүүр үг:
Дагуур тарваган шийр, Говийн ганга, Могилевийн жамбаХураангуй
Үндэслэл: Бид уламжлалт анагаах ухаанд цэр ховхлох зорилгоор хэрэглэж ирсэн, мөн орчин үеийн эмчилгээний практикт цэр ховхлох үйлдэлтэй эмийн найрлагад ордог Дагуур тарваган шийр (Thermopsis daurica Czefr.), Говийн ганга (Thymus gobicus Tschern.), Могилевийн жамба (Malva mohileviensis Downer.) ургамлуудыг найруулж бэлдсэн “Тетима” бэлдмэлийн хорон чанарыг тогтоох нь бидний судалгааны ажлын үндэслэл боллоо. Арга, аргачлал: Говийн ганга (Thymus gobicus Tschern), Могилевийн жамба (Malva mohileviensis Downer), Дагуур тарваган шийр (Th.dahurica Czefr.) ургамлын жижиглэсэн түүхий эдийг 1:1:0.05 харьцаатай авч, 1:10 харьцаагаар 50%-ийн этанолоор эргэх хөргөгч ашиглан 3 цаг хандалж спиртэн ханд гарган авсан. Бэлдмэлийг Вистар үүлдрийн 230-370 грамм жинтэй 15 толгой харханд 28 хоног уулгаж тодорхойллоо. Бэлдмэлийн сүүлийн тунг уулгаснаас хойш 24 цагийн дараа амьтдыг егүүтгэн цусны ерөнхий болон биохимийн үзүүлэлтүүдийг үнэлсэн. Мөн цуллаг эрхтнүүдийн гистологийн өөрчлөлтийг үнэлсэн. Үр дүн: Тетима бэлдмэлийн архагдуу хорон чанарыг тодорхойлоход туршилтын бүлгүүдийн цусны үзүүлэлтүүд болох улаан эс, цагаан эс, ялтсын тоо хяналтын бүлэгтэй харьцуулахад ялгаагүй байлаа (p>0.05). Мөн бэлдмэлийн элэг болон бөөр хордуулах нөлөөг цусан дахь АЛАТ, АСАТ, креатинин, мочевины хэмжээгээр тодорхойлоход хяналтын бүлэгтэй харьцуулахад туршилтын бүлгүүдэд ялгаагүй байв (p>0.05). Туршилтын бүлгийн амьтдын бөөрний эдийн зураглалд эсийн түвшинд эргэх өөрчлөлт ажиглагдсан бөгөөд элэг, зүрхний эдийн зураглалыг хяналтын бүлэгтэй харьцуулахад ялгаагүй байна. Дүгнэлт: “Тетима” бэлдмэлийн архагдуу хорон чанарыг судлахад хорон чанар багатай болох нь тогтоогдлоо.
АШУҮИС-ийн цахим номын санд
Энэ өгүүллийг цахим номын санд үзэх →
Зохиогчдын судлаачийн профайл: Ч.Ерөөлт
Татсан тоо
Нийтлэгдсэн
Дугаар
Салбар хэсэг
Лиценз
Энэхүү сэтгүүлд нийтлэгдсэн өгүүллүүд Creative Commons Attribution 4.0 (CC BY 4.0) лицензтэй. Зохиогч болон эх сурвалжийг зөв дурдсан нөхцөлд хэн ч хуулбарлах, түгээх, өөрчлөн ашиглах боломжтой. Зохиогчийн эрх зохиогчид хадгалагдана.
