Өндөр хэмийн нөлөөгөөр шүдэнд үүсэх бүтцийн өөрчлөлтийг судалсан дүн
Түлхүүр үг:
Шүд, Өндөр хэм, Дүрс оношилгоо, ХугаралХураангуй
Үндэслэл: Хэт өндөр хэмд өртөж нас барсан хүний зөөлөн эд дийлэнх тохиолдолд шатаж үгүй болcноос шүүхийн шинжилгээний байгууллагад цогцсыг танин тогтооход хүндрэлтэй байдал тулгардаг. Хэдий шатаж нас барсан хүний цогцсонд зөөлөн эдийн шинжилгээ хийгдэх боломжгүй болсон байдаг ч бүтэц найрлагын хувьд гадаад орчны таагүй нөлөөг тэсвэрлэх чадвартай хатуу эдүүд үлддэг нь уг нөхцөл байдалд эерэгээр нөлөөлдөг байна. Манай орны хувьд гал түймэрт нас барсан хүний тохиолдол цөөнгүй гарч байгаатай холбогдуулан тухайн цогцсыг танин тогтоох болон амь эрсэдсэн орчны нөхцөлийг тодруулахаар шүдийг ашиглах судалгаа өмнө хийгдэж байгаагүй нь уг судалгааг хийх үндэслэл боллоо. Судалгааны арга, аргачлал: Судалгааг нэг агшингийн загвараар шүд авхуулах үйлчилгээ хийлгэсэн үйлчлүүлэгчдийн 60 ширхэг араа шүдийг судалгаанд хамруулав. Судалгаанд хамрагдсан шүднүүдийг 100℃, 300℃, 500℃, 700℃ хэмд 30 минутын хугацаанд шатааж, зөөврийн дижитал рентген аппаратын тусламжтайгаар шатаахаас өмнөх болон дараах зургуудыг харьцуулав. Статистик боловсруулалтыг SPSS 25.0 программын тусламжтайгаар тоон анализ хийв. Үр дүн: Судалгаанд 18-72 насны нийт 42 үйлчлүүлэгч хамрагдсаны эрэгтэй, эмэгтэй хүйсийн харьцаа 1:1.6 байв. 100℃ хэмд шатсан тус бүлгийн нийт 15 шүдний рентген зургийг шатаахаас өмнөх зурагтай харьцуулж, үзэхэд ажиглагдахуйц өөрчлөлт илрээгүй байна. 300℃ хэмд шатсан нийт шүднүүдийн 87% нь анатомийн бүтэн байдал нь хадгалагдсан байх ба үлдсэн хувь нь анатомийн бүтэн байдлаа алдсан байна. Шатсан бүх шүдний хатуу эдэд 1.90±0.97 мм урт, 0.11±0.03 мм өргөн, 2-7 ширхэг хугарлын шугам тодорхойлогдоно. Хугарлын шугам үүссэн байршлаар 33% нь паалан болон тугалмайг хамарсан, 67% нь зөвхөн тугалмайг хамарсан байна. Нийт шүднүүдийн 67% нь паалан-тугалмайн зааг 0.29±0.12 мм зайтай хөндийрсөн нь ажиглагдав. 500℃ хэмд шатсан бүх шүднүүдийн анатомийн бүтэн байдлаа алдсан нь ажиглагдлаа. Нийт тохиолдлийн 67% нь цөгц хагарч үгүй болсон бол үлдсэнд нь цөгц бутарч паалан болон тугалмайн үлдэцтэй байна. Шатсан шүднүүдийн зөвхөн тугалмайд 1-5 ширхэг хугарлын шугам тодорхойлогдов. Хугарлын шугам нь 1.91±1.39 мм урт, 0.13±0.59 мм өргөн байв. Цөгц хэсэгчлэн хагарч үгүй болсон тохиолдлуудад паалан-тугалмайн заагт маш олон тооны бичил цуурал үүссэн байх тул хэмжил зүй хийх боломжгүй болов. 700℃ хэмд шатсан бүх шүднүүд анатомийн бүтэн байдлаа алдсан нь ажиглагдлаа. Нийт тохиолдлийн 47% нь цөгц үгүй болсон бол үлдсэнд нь цөгцөнд тугалмайн үлдэцтэй байв. Нийт шүднүүдийн 93 хувьд нь 2-13 ширхэг, 1.48±0.98 мм урт, 0.17±0.07 мм өргөн хугарлын шугам тодорхойлогдов. Хугарлын шугамыг шүдэнд үйлчилсэн хэмтэй харьцуулан судлахад хэм нэмэгдэх тусам хугарлын шугамын тоо нэмэгдэх (r=0.32, p<0.05), хугарлын шугамын өргөн өргөсөх (r=0.36, p<0.01) зүй тогтолтой байх ба харин хугарлын урттай (r=-0.17, p<0.01) хамааралгүй байна. Дүгнэлт: Шүдийг өндөр хэмүүдээр үйлчлэхэд хэм ахих тусам паалан, тугалмай, паалан-тугалмайн зааг зэрэг цөгцний гэмтэл, сурвалжийн хугарал үүсч байна. Шүдний бүтцийн өөрчлөлтүүд нь үйлчлэх хэмээс хамааран (p<0.05, p<0.01) нэмэгдэх зүй тогтолтой байна.
АШУҮИС-ийн цахим номын санд
Татсан тоо
Нийтлэгдсэн
Дугаар
Салбар хэсэг
Лиценз
Энэхүү сэтгүүлд нийтлэгдсэн өгүүллүүд Creative Commons Attribution 4.0 (CC BY 4.0) лицензтэй. Зохиогч болон эх сурвалжийг зөв дурдсан нөхцөлд хэн ч хуулбарлах, түгээх, өөрчлөн ашиглах боломжтой. Зохиогчийн эрх зохиогчид хадгалагдана.
