Тархины саатай хүүхдийн сэргээн засах эмчилгээний үр дүн

Зохиогчид

  • Ц.Батчимэг ХБХСЗХТөв Зохиогч
  • Д.Тэгшжаргал ХБХСЗХТөв Зохиогч
  • П.Мөнхзаяа ХБХСЗХТөв Зохиогч
  • Д.Билгүүн ХБХСЗХтөв Зохиогч
  • Ц. Наранцэцэг АШУҮИС-АУС, СЗАУ Тэнхим Зохиогч

Түлхүүр үг:

Хүүхдийн сэргээн засал, Хөгжлийн бэрхшээл, Хөдөлгөөн засал, GMFM-88, Цахилгаан цочруул

Хураангуй

Үндэслэл: Сүүлийн жилүүдэд тархины саа (ТС)-ийн тохиолдол ихсэж, улмаар хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн тоо нэмэгдсээр байна. Иймд тархины саатай хүүхдэд эрүүл мэнд, боловсрол, нийгмийн тусламж үйлчилгээг чанартай үзүүлэх шаардлага тулгарч байна. Монголд тархины саатай хүүхдийн сэргээн засах эмчилгээний үр дүнг насны бүлгээр харьцуулан судалсан судалгаа хомс байна. Зорилго: Тархины саатай хүүхдийн сэргээн засах эмчилгээний үр дүнг насны бүлгээр харьцуулан судлах, Арга аргачлал: Судалгааг ретроспектив аргаар явуулж, үр дүнг тооцсон. Судалгаанд хөдөлгөөн засал ба үйл ажиллагааны цахилгаан цочруул (FES) эмчилгээнд 21 хоногийн турш хамрагдсан 12 хүртэл насны (68.7± 0.2), нийт 138 хүүхдийг хамруулсан. Судалгаанд оролцогчдыг насны бүлгээр 3 бүлэг (1-3 нас, 4-7 нас, 8-12 нас) болгон хувааж, бүлэг тус бүрт их биеийн хөдөлгөөний үйл ажиллагааг GMFM-88 шалгуураар эмчилгээний өмнө ба дараа үнэлсэн үзүүлэлтүүдийг харьцуулж, үр дүнг тооцлоо. Статистик боловсруулалтыг STATA-12.0 программ ашигласан. Үр дүн: Судалгаанд эрэгтэй 63%, эмэгтэй 37%, 1-3 насны Бүлэг I -д 48, 4-7 насны Бүлэг II-т 52, 8-12 насны Бүлэгт III-т 38 хүүхэд хамрагдсан. Эмчилгээний өмнөх ба дараах үзүүлэлтүүдийг харьцуулахад хүүхдийн их биеийн хөдөлгөөний чадвар 3 бүлэгт гурвууланд нь сайжирсан (p≤0.001) байна. Бүлгүүдийг хооронд нь харьцуулахад их биеийн хөдөлгөөний чадвар нь балчир насны хүүхдүүдэд илүү сайжирсан байна. Дүгнэлт: Тархины саатай хүүхдийн сэргээн засах эмчилгээний үр дүн балчир насны (Бүлэг I) хүүхдүүдэд хамгийн өндөр байгаа нь хүүхдийг сэргээн засах эмчилгээнд хэдий чинээ эрт хамруулна төдий чинээ үйл ажиллагааны чадвар сайжирдаг байна. Цаашид ТС-тай хүүхдийн сэргээн засах эмчилгээний давтамж, үргэлжлэх хугацааг судлах шаардлагатай байна.

АШУҮИС-ийн цахим номын санд

Энэ өгүүллийг цахим номын санд үзэх →

Татсан тоо

Нийтлэгдсэн

2020-02-15

Дугаар

Салбар хэсэг

Эрдэм шинжилгээний өгүүлэл