Умайн хүзүүний карциномын соронзон резонанст томографийн оношилгооны асуудалд

Зохиогчид

  • Д.Уян-Эгшиг Медтравма эмнэлэг Зохиогч
  • Д.Мөнхбаатар АШУҮИС Зохиогч
  • Д.Бархүү Медтравма эмнэлэг Зохиогч

Түлхүүр үг:

Соронзон резонанст томографи, Умайн хүзүүний зарцинома

Хураангуй

Үндэслэл: Манай улсад умайн хүзүүний карцином нь эмэгтэйчүүдийн дунд тархалтаараа элэгний хавдрын дараа буюу 2-рт ордог бөгөөд 2018 онд 372 шинэ тохиолдол бүртгэгдсэн нь 100 000 хүн амд 23.2 тохиолдож байна. Соронзон резонанст томографи (СРТ) нь умайн хүзүүний карциномын байрлал, хэмжээ, тархалт болон ойролцоох эрхтэн дэхь нэвчилтийг үнэлэхэд харьцангуй мэдээлэл сайтай, эмчилгээний тактикийг боловсруулахад чухал ач холбогдолтой шинжилгээнүүдийн нэг юм. Манай оронд умайн хүзүүний карциномын тохиолдол жил ирэх тусам нэмэгдэж байгаа төдийгүй СРТ-ийн аргаар умайн хүзүүний карциномыг оношлох судалгааны ажил харьцангуй ховор байгаа нь уг судалгааг хийх үндэслэл болсон. Зорилго: Умайн хүзүүний карциномыг СРТ-ийн аргаар оношлож, FIGO үнэлгээгээр үе шатыг тодорхойлох. Арга, аргачлал: Бид 2018 оны 01 сарын 01-нээс 2019-0801-ийг хүртэлх хугацаанд “Мед травма” эмнэлгийн Дүрс оношилгооны тасагт эмэгтэйчүүдийн бага аарцгийн СРТ-н шинжилгээ хийлгэсэн үйлчлүүлэгчдийн шинжилгээний зургаас умайн хүзүүний карциномын 47 тохиолдлыг түүвэрлэн ретроспектив судалгаа хийсэн. Үр дүн: Судалгаанд 27-72 насны нийт 47 хүн хамрагдсан бөгөөд дундаж нас 49.3±11,1 байв. 45-54 насны шинжлүүлэгч хамгийн их буюу 32%-ийг эзлэж байв. Хавдрын үе шатыг үнэлэхэд: FIGO IB үе шат 2/46 ( 4.3%), FIGO IIA үе шат 11/46 ( 24%), FIGO IIB үе шат 26/46 ( 56.5%), FIGO IVA үе шат 7/46 ( 15.2%) байв. Мэс засал хийлгэсэн 3 тохиолдлын 1/3 нь IB, 1/3 нь IIA, 1/3 нь IIB үе шаттай хавдрууд байсан. Дүгнэлт: СРТаар умайн хүзүүний карциномын байрлалыг тодорхойлоход умайн хүзүүний урд ба хойт хэсгийг хоёуланг нь хамарсан тохиолдол зонхилж байв. Карциномын үе шатыг шатыг FIGO үнэлгээгээр тодорхойлоход FIGO IIB үе шат хамгийн их, FIGO IB үе шат хамгийн бага хувьтай байв. Бидний судалгаанд мэс засал хийлгэсэн FIGO IB, IIA, IIB үе шаттай гурван тохиолдол байсан бөгөөд СРТ-аар тодорхойлсон үе шат хагалгааны дараах эмгэг гистологийн оноштой таарч байсан.

АШУҮИС-ийн цахим номын санд

Энэ өгүүллийг цахим номын санд үзэх →

Татсан тоо

Нийтлэгдсэн

2019-11-18

Дугаар

Салбар хэсэг

Эрдэм шинжилгээний өгүүлэл