Амьсгалын доод замын бөглөрлийг илрүүлэх маннитолтой сорил ба аллергены мэдрэгшлийн байдал

Зохиогчид

  • С.Мөнхбаярлах АШУҮИС. Анагаахын Ухааны Сургууль.Уушги, харшил судлалын тэнхим Зохиогч
  • Б.Баяр-Өлзий АШУҮИС. Анагаахын Ухааны Сургууль.Уушги, харшил судлалын тэнхим Зохиогч
  • Н.Төвшинтөр АШУҮИС. Анагаахын Ухааны Сургууль.Уушги, харшил судлалын тэнхим Зохиогч
  • Л.Наранцэцэг АШУҮИС. Био-Анагаахын Сургууль. Биохимийн тэнхим Зохиогч

Түлхүүр үг:

Амьсгалын замын хэт мэдрэгшлийн хариу урвал, Маннитолтой сорил, Аллергены мэдрэгшил

Хураангуй

Багтраа өвчний тархалт, өвчлөл нь дэлхий дахинд сүүлийн жилүүдэд хурдацтай нэмэгдэж өнөөгийн байдлаар дэлхий дахинд 339 сая хүн багтраатай байна.1 Манай орны хот суурин газрын агаарын бохирдол мэдэгдэхүйц нэмэгдэж байгаатай холбоотойгоор багтраа өвчний өвчлөл, тархалт жилээс жилд нэмэгдэх хандлагатай байгааг судлаачид тогтоосон. 2010 оны байдлаар Улаанбаатар хотын 6-7 насны хүүхдүүдийн дундах багтрааны тархалт 20.9%, насанд хүрэгсдийн оношлогдсон багтрааны тархалт 4.7% байгааг тодорхойлсон.2-6 Энэ удаад бид гуурсан хоолойн маннитолтой сорилоор амьсгалын замын урвалж байдлыг тодорхойлж багтрааг эрт илрүүлэн аэроаллергены мэдрэгшилтийн байдалтай уялдуулан судлах зорилго тавьсан. Хэрэглэгдэхүүн ба арга зүй: Судалгаанд олон улсын судалгааны стандарт асуумжийн аргыг хэрэглэсэн. 40 төрлийн аллергены өвөрмөц IgE эсрэгбиеийг шингэний бичил орчинд суурилсан дархлааны урвалын бүрэн автомат төхөөрөмжөөр (Agnitio Technology and Sciences Inc, Taiwan), уушгины агааржилтын үйл ажиллагааг (Spirostar USB, Spiro pro 3.1.2 software Medikro OY) спирометрээр тодорхойлов. Маннитолтой сорилыг 9 шатлалаар (Aridol/Osmohale, Pharmaxis Ltd Frenchs Forest, Sydney Australia) хуримтлагдсан тун 635 мг хүртэл нэмэгдүүлэн FEV1 үзүүлэлт 15%-иас дээш бууралтыг ач холбогдолтой гэж үзсэн. Үр дүн: Судалгаанд 18–69 насны (дундаж нас 32±8.8, 95%CI: 23.4–49.6) эрэгтэй 95, эмэгтэй 101 нийт 196 хүнийг хамруулсан. Харшлын багтраатай судалгаанд хамрагдсад ургамлын тоос 163 (83.1%), амьтаны хучуур эд 24 (21.6%), латекс 24 (21.6%), тоосны хачиг 8 (9.6%) аллергенд мэдрэгшсэн байна. Захын цусанд илрэх аллерген-өвөрмөц IgE эсрэгбиеийн хэмжээгээр тогтооход шарилжинд хүчтэй (9.2±6.7 AU), адуу (6.5±4.2AU), муур (5.9±4.5AU), дурваалиг (5,75±3.5 AU), буудай (5.6±4.4 AU), хус (5.5±4.0 AU) аллергенд тус тус дунд зэргийн эрчимтэй мэдрэгшил үүсгэж байна. Маннитолтой сорилоор postFEV1 үзүүлэлт нь preFEV1 үзүүлэлтээс эрэгтэйчүүдэд 48.3±8.6%, эмэгтэйчүүдэд 38.3±9.6%-ийн бууралтад хүргэж байв. Дүгнэлт: Судалгаанд хамрагдагсдын маннитолын хуримтлалын хэмжээ ихсэх тусам FEV1 үзүүлэлт буурч гуурсан хоолойн хэт урвалж байдал илэрсэн бөгөөд гуурсан хоолойн хэт урвалж байдлын сэдрэлтэд шарилжны цэцэглэлт, тоосжилтын улирал голлон нөлөөлж байна.

АШУҮИС-ийн цахим номын санд

Энэ өгүүллийг цахим номын санд үзэх →

Зохиогчдын судлаачийн профайл: С.Мөнхбаярлах, Н.Төвшинтөр

Татсан тоо

Нийтлэгдсэн

2019-11-18

Дугаар

Салбар хэсэг

Эрдэм шинжилгээний өгүүлэл