SARS-CoV-2 вирусийн дельта дэгдэлтийн эсрэг хэрэгжүүлсэн нийгмийн эрүүл мэндийн зарим арга хэмжээ ба хүүхдийн өвчлөл

Зохиогчид

  • Ж.Байгалмаа ДЭМБ, Монгол дахь Суурин төлөөлөгчийн газар , АШУҮИС, Докторант Зохиогч
  • А.Шийрэвнямба АШУҮИС, АУС, Мэс заслын тэнхим Зохиогч
  • Д.Гантуяа АШУҮИС, НЭМС, Эпидемиологи биостатистикийн тэнхим Зохиогч

Түлхүүр үг:

КОВИД-19, 0-17 нас, Kоронавируст халдварын тархалт, Cургууль

Хураангуй

Үндэслэл: Монгол Улсад 2021 оны 8-р сараас эхлэн SARS-CoV-2 вирусийн дельта хувилбар хүн амын дунд эрчимтэй тархаж байсан ба энэ нь бүх шатны боловсролын байгууллагын үйл ажиллагаа танхимаар нээгдэхтэй давхцаж байв. Зорилго: Дельта дэгдэлтийн эсрэг хэрэгжүүлсэн арга хэмжээ хүүхдийн өвчлөлд үзүүлсэн нөлөө, хүүхдийн дундах халдварын ерөнхий нөхцөл байдал, сургуулийн орчинд голомтолсон халдвар бүртгэгдсэн эсэхийг судлах. Арга, аргачлал: Бидний судалгаанд улсын хэмжээнд 2021 оны 1-р сарын 1-нээс 2022 оны 2-р сарын 28-ны хооронд коронавируст халдварын цахим програмд бүртгэгдсэн нийт болон 0-17 настай хүүхдийн коронавируст халдварын батлагдсан тохиолдлын тоо мэдээг ашигласан. Мөн ерөнхий боловсролын сургууль (ЕБС)-ийн орчинд голомтолсон халдварыг тандсан тоо мэдээг ашиглалаа. Дэгдэлтийн туршид хүүхдийн дундах коронавируст халдварын эзлэх хувийн 7 хоноги н хөдөлгөөнт дундаж, 10,000 хүн амд шинэ өвчлөлийн түвшинг тооцсон. Мөн 2021 оны 9-р сарын 1-нд ЕБС танхимаар эхлэх үеийн 0-17 настай хүүхдийн өвчлөл болон харьцангуй эрсдэл (Relative Risk)-ийг тооцон өмнөх хугацаа буюу SARS-CoV-2 Wuhan, Alfa, Omicron дэгдэлтийн өвчлөлтэй харьцуулсан. Коронавируст халдварын эсрэг вакцинд 12-17 насныхан хамрагдсан тул насны бүлгийг 0-4, 5-11, 12-17 нас гэж ангилан харьцуулав. Үр дүн: Улсын хэмжээний нийт коронавируст халдварын өвчлөлд 0-17 насны хүүхдийн халдварын эзлэх хувь SARS-CoV-2 вирусийн 4 өөр хувилбараар үүсгэгдсэн дэгдэлтийн туршид 0.73%-5.93% (min 0.73%; max 8.57%) байв. Харин 10,000 хүн амд тооцсон 14 хоногийн батлагдсан тохиолдлын түвшин дельта (107.57) болон омикрон (113.56) хувилбараар үүсгэгдсэн дэгдэлтийн үед өндөр байв. Өвчлөлийн түвшин 5-11 насанд хамгийн бага байсан ба энэ насны бүлгийг харьцуулах бүлэг болгож, дэгдэлт тус бүрээр бусад насны бүлгийг харьцуулахад зэрлэг омгийн вирусээр үүсгэгдсэн дэгдэлтийн үед 12-17 насныханд харьцангуй эрсдэл 47% буюу хамгийн бага (RR=0.47), харин дельта давалгааны үед хамгийн их буюу 78% (RR=0.78) байна. Дүгнэлт: Коронавируст халдварын цартахлын үед 0-17 насны хүүхдийн нийт өвчлөлд эзлэх хувь 0.73%-5.93% байсан нь бусад улсад хийгдсэн судалгаатай ойролцоо байна. Нийт өвчлөлийн түвшин 12-17 болон 0-4 насныханд өндөр байсан ба дельта хувилбараар үүсгэгдсэн дэгдэлтийн үед 0-4 насныханд өвчлөлийн түвшин хамгийн өндөр байв. Сургуулийн орчинд 6 буюу түүнээс дээш тохиолдол бүхий голомтолсон халдвар бүртгэгдээгүй. Цаашид сургуулийн орчинд томуу, томуу төст өвчний дэгдэлтийн үед хүүхдийн дундах халдварын нөхцөл байдал, гэр болон сургуулийн орчинд халдвар тархах хүчин зүйлсийг судалж, амьсгалын замаар дамжих халдварын тархалтаас урьдчилан сэргийлэх нотолгоо бүхий хариу арга хэмжээ хэрэгжүүлэх шаардлагатай.

АШУҮИС-ийн цахим номын санд

Энэ өгүүллийг цахим номын санд үзэх →

Зохиогчдын судлаачийн профайл: А.Шийрэвнямба

Татсан тоо

Нийтлэгдсэн

2025-12-05

Дугаар

Салбар хэсэг

Эрдэм шинжилгээний өгүүлэл