LncRNA GSEC ба амны хөндийн хавтгай хучуур эсийн өмөн хоорондын хамаарлыг судалсан нь
Түлхүүр үг:
LncRNA GSEC, Амны хөндийн хавтгай хучуур эсийн өмөн, (АХХХЭӨ), ПролиферациХураангуй
Үндэслэл: Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллагын (ДЭМБ) үзүүлэлтээр амны хөндийн хорт хавдар нь толгой, хүзүүний хорт хавдрын хамгийн түгээмэл хавдрын нэг бөгөөд тохиолдлоор нийт хавдрын 16-рт орж байна. Амны хөндийн хавдрын 90 орчим хувийг хавтгай хучуур эсийн өмөн эзэлж байна. Тус хавдрыг үүсэхэд олон эрсдэлт хүчин зүйлс нөлөөлөх ба бие махбодын зарим генийн үйл ажиллагаа чухал нөлөөтэй байдаг. lncRNA GSEC нь хавдартай холбоотой эсэхийг орчин үед их сонирхон судалж байна. Зорилго: Энэхүү судалгаа нь амны хөндийн хавтгай хучуур эсийн өмөн (АХХХЭӨ)-гийн эсийн үйл ажиллагаанд lncRNA GSEC хэрхэн нөлөөлж байгааг туршилтын амьтанд судлахаар зорилго тавин ажиллалаа. Арга, аргачлал: Судалгаанд хүний амны хөндийн хорт хавдрын шугаман эс (CAL27)-ийн GSEC нь хавдрын эсийн пролиферацид хэрхэн оролцож байгааг эрүүл 5 долоо хоногтой BALB/c 15 нүцгэн хулганыг ашиглан 3 бүлэгт хувааж арьсан дор нь нэгдүгээр бүлэгт CAL27 эсийг дангаар, хоёрдугаар бүлэгт хяналтын si-NC CAL27 эсийг, гуравдугаар бүлэгт si-GSEC CAL27 бүхий эсийг тарьж биеийн жин, хавдрын эзэлхүүнийг хэмжив. Туршилтын 13 дахь хоногт хулганыг егүүтгэж, хавдрын эдийг авч, жинлэж, хавдрын эдийг гематоксилин-эозин (HE) болон иммуногистохимийн аргаар будаж эсийн пролиферацид оролцдог уургууд болох Ki67, PCNA судлав. Үр дүн: Судалгааны 3 бүлэг хулганын 13 дах хоног хүртэлх жин хооронд ялгаа байгаагүй боловч хулганыг егүүтгэсний дараа ялгаж авсан хавдрын эдийн хэмжээ болон жин нь si-GSEC CAL27 бүлэгт si-NC CAL27 болон дан CAL27 эс тарьсан бүлгийнхээс статистик ач холбогдол бүхий бага байлаа (p <0.001). Мөн түүнчлэн хавдрын эдийг гематоксилин-эозин (HE)-ээр будаж харахад si-GSEC бүлгийн эд, эсийн бүтэц бусад бүлгүүдтэй харьцуулахад харьцангуй эмх цэгцтэй, эсүүдийн ялгарал сайн, хорт хавдрын эсийн тоо цөөн, бөөмийн хуваагдлын тоо буурсан, хавдрын хувирал бага харагдаж байлаа. Хавдрын эд дэх Ki67, PCNA уургуудийг иммуногистохимийн шинжилгээгээр судлахад хорт хавдрын эдэд нэг төрлийн бус тархсан байх бөгөөд захын бүс болон эсийн ялгаралт муутай хэсгүүдэд нягтрал ихтэй, кератинжсан ба үхжилтийн бүсүүдэд бага тархсан байлаа. Харин si-GSEC бүлэгт Ki67, PCNA уургууд бусад хоёр бүлэгтэй харьцуулахад мэдэгдэхүйц буурсан байлаа. Дүгнэлт: АХХХЭӨ-гийн эсийн GSEC нь in vivo орчинд хавдрын эсийн пролиферацийг дэмжих үйлдэлтэй байна.
АШУҮИС-ийн цахим номын санд
Энэ өгүүллийг цахим номын санд үзэх →
Зохиогчдын судлаачийн профайл: Б.Од, А.Шийрэвнямба
Татсан тоо
Нийтлэгдсэн
Дугаар
Салбар хэсэг
Лиценз
Энэхүү сэтгүүлд нийтлэгдсэн өгүүллүүд Creative Commons Attribution 4.0 (CC BY 4.0) лицензтэй. Зохиогч болон эх сурвалжийг зөв дурдсан нөхцөлд хэн ч хуулбарлах, түгээх, өөрчлөн ашиглах боломжтой. Зохиогчийн эрх зохиогчид хадгалагдана.
