Эрдэнэт үйлдвэрийн ажилчдын бодисын солилцооны хам шинжийн тархалтын судалгаа

Зохиогчид

  • О.Алтансүх АШУҮИС, НЭМС, Орчны эрүүл мэндийн тэнхим , Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ Зохиогч
  • Б.Пүрэвсүх Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ Зохиогч
  • А.Хонгорзул Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ Зохиогч
  • Б.Алтанзул Зохиогч
  • Э.Эрдэнэчимэг Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ Зохиогч

Түлхүүр үг:

Биеийн жингийн индекс, Таргалалт, Артерийн даралт

Хураангуй

Үндэслэл: Уул уурхайн олборлолттой холбоотой ажлын байрны тоосжилт, шуугиан, доргионы улмаас ажилтнуудын дунд уушги тоосжих, сонсгол бууралт, нурууны гэмтэл зэрэг ажил мэргэжлээс шалтгаалсан өвчин төдийгүй, артерийн даралт ихсэх, зүрх судасны өвчнөөр өвчлөх эрсдэл нэмэгддэгийг судлаачид тогтоосон. Ажлаас шалтгаалсан стресс, гэр бүлээсээ тусдаа амьдрах, зөөврийн хоолны үйлчилгээ, ээлжийн цагийн системээр ажиллах нь ажилтны биеийн жин нэмэгдэх, дотоод шүүрлийн үйл ажиллагаанд сөргөөр нөлөөлөх эрсдэл үүсгэдэг байна. Зорилго: Эрдэнэт үйлдвэрийн ажилтнуудын дундах бодисын солилцооны хам шинж, халдварт бус өвчний тархалтыг судлах. Арга, аргачлал: Судалгаанд Эрдэнэт үйлдвэрийн 15 цехийн нийт 303 ажилтан хамрагдсан. Хамрагдсан ажилтнууд нь 10-20 ба түүнээс дээш жил тус үйлдвэрт ажилласан, эмэгтэй ажилчдын эзлэх хувь 15%, технологийн ажилчид 75% байхаар тус тус хамруулсан. Судалгаанд халдварт бус өвчний эрсдэлт бүлгийн ажилтнуудыг зорилтот түүврийн аргаар сонгосон. Үр дүн: Судалгаанд хамрагдсан ажилтнуудын биеийн жингийн индексийг ажил мэргэжлээр судлан үзэхэд үйлчилгээний ажилтан 79.2%, цахилгаанчин 65%, шатахуун түгээгч 100%, засал чимэглэлчин 77.8%, засварчин 75.5%, мэргэжилтэн 94.7%, мэргэжлийн ажилтан 86.4%, оператор, инженер 75.7%, захиргааны ажилтан 88.9% нь илүүдэн жинтэй буюу таргалалтай байна. Судалгаанд оролцогч нарын төвийн таргалалтын тархалтыг албан тушаалаар судлан үзэхэд үйлчилгээний ажилтны 79.2%, лаборант нарын 60%, цахилгаанчин 35%, оператор, инженер 64.9%, захиргааны ажилтан 66.7% нь төвийн таргалалттай байна. Нийт судалгаанд оролцогчдын 20.7% зүрх судасны өвчнөөр өмнө өвчилж байсан. Үүнээс 71.4% нь эрэгтэй, 28.6% нь эмэгтэй ажилтан байна. Судалгаанд хамрагдсан ажилтнуудын цусан дахь глюкозын арифметик дундаж хэмжээ 6.0 ммоль/л, голч утга нь 5.6 ммоль/л, хамгийн бага утга нь 3.9 ммоль/л, хамгийн их утга нь 18.3 ммоль/л байна. Мөн цусан дахь глюкозын голч утга улсын дундаж хэмжээнээс 0.2 ммоль/л бага байна. Цусан дахь глюкозын хэмжээ хүйсийн хувьд статистик бүхий ялгаа ажиглагдаагүй (p=0.135). Цусан дахь глюкозын хэмжээг албан тушаалаар судлан үзэхэд үйлчилгээний ажилтан 62.5%, лаборант 40%, цахилгаанчин 35%, менежер 71.4%, захиргааны ажилтан 55.6%-д цусан дахь глюкоз хэмжээгээр чихрийн шижин өвчний урьдал үед байна. Дүгнэлт: “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГын ажилтнуудын дунд бодисын солилцооны болон зүрх-судасны эрсдэлийн хүчин зүйлс нэмэгдэж байгааг харуулж байна.

АШУҮИС-ийн цахим номын санд

Энэ өгүүллийг цахим номын санд үзэх →

Татсан тоо

Нийтлэгдсэн

2025-12-05

Дугаар

Салбар хэсэг

Эрдэм шинжилгээний өгүүлэл