Эрдэнэт үйлдвэрийн ажилтнуудын зарим халдварт бус өвчний эрсдэлт хүчин зүйлсийг тодорхойлсон дүн

Зохиогчид

  • О.Алтансүх АШУҮИС, НЭМС, Орчны эрүүл мэндийн тэнхим , Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ Зохиогч
  • Б.Пүрэвсүх Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ Зохиогч
  • А.Хонгорзул Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ Зохиогч
  • Б.Алтанзул Зохиогч
  • Э.Эрдэнэчимэг Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ Зохиогч

Түлхүүр үг:

Халдварт бус өвчин Архи, тамхины хэрэглээ Хөдөлгөөн

Хураангуй

Үндэслэл: Өнөө үед уул уурхайн ажилтныг эрүүл аюулгүй орчин ажиллах нөхцөлийг бүрдүүлэх, хөдөлмөрийн нөхцөлийг сайжруулах, эрүүл мэндийг хамгаалах, дэмжих, урьдчилан сэргийлэх үйл ажиллагаанд эрүүл мэндэд нөлөөлөгч бусад хүчин зүйлсийг анхаарах шаардлага зүй ёсоор тавигдаж байна. Уул уурхайн ажилтны эрүүл мэндийн нөлөөллийг тодорхойлоход халдварт өвчнүүд, халдварт бус буюу архаг өвчнүүд, хоол тэжээлийн эмгэгүүд, үйлдвэрлэлийн осол гэмтэл, сэтгэцийн эрүүл мэндийн байдал нь гол тодорхойлогч үзүүлэлт болдог хэдий ч манай улсын уул уурхайн салбарын ажилтны эрүүл мэндийн халдварт бус өвчний талаарх судалгаа харьцангуй цөөн байгаа нь энэхүү судалгааны ажлын үндэслэл боллоо. Зорилго: Эрдэнэт үйлдвэрийн ажилтнуудын дундах халдварт бус өвчний эрсдэлт хүчин зүйлсийг судлах. Арга, аргачлал: Бидний судалгаанд Эрдэнэт үйлдвэрийн 15 цехийн нийт 303 ажилтан хамрагдсан ба халдварт бус өвчний эрсдэлт бүлгийн ажилтнуудыг зорилтот түүврийн аргаар сонгосон. Бид ДЭМБ-аас боловсруулсан халдварт бус өвчний эрсдэлт хүчин зүйлсийн тандалтын STEP асуумжийг ашиглан судалгааны асуумжийг боловсруулав. Үр дүн: Судалгаанд хамрагдсан нийт ажилтнуудын 70% нь эрэгтэй, 30% нь эмэгтэй ажилтнууд ба дундаж нас 46 жил байв. Ажилтнуудын хөдөлмөр эрхэлж буй нийт хугацаа 23 жил, үүнээс Эрдэнэт үйлдвэрт ажилласан жил эрэгтэй ажилтнуудын хувьд дунджаар 19.3 жил, эмэгтэй ажилтнуудын хувьд 17.3 жил тус тус байв. Судалгаанд оролцогчдын 48.5% нь огт тамхи татаж байгаагүй, 38.3% нь тамхи татдаг гэж хариулсан байв. Судалгаанд оролцогчдын согтууруулах ундааны хэрэглээг албан тушаалын байдалтай нь уялдуулан судлахад менежерүүдийн 85.7%, захиргааны ажилчид болон засал чимэглэлийн ажилчдын 66.7% нь согтууруулах ундааны хэрэглээ их байгаа нь тодорхойлогдлоо. Харин долоо хоногт 3-аас олон өдөр идэвхтэй дасгал хийдэг ажилтны хувь эрчүүдэд 23%, эмэгтэйчүүдэд 15.2% байна. Өөрөөр хэлбэл эрэгтэй ажилтнууд эмэгтэйчүүдээс илүү дасгал хөдөлгөөн хийж байна. Эрэгтэй ажилтнуудын 28.3%, эмэгтэйчүүдийн 17.6% нь давсны хэрэглээнд хяналт тавьдаггүй, ажилтнуудын хооллолтын хэв маягийг судлахад 53.6% нь өглөөний цайгаа тогтмол уудаг, 77.3% нь үдийн хоолоо тогтмол иддэг бол 76.6% тогтмол цагт оройн хоолоо иддэг байна. Дүгнэлт: Судалгаагаар ажилтнуудын тамхи, архины хэрэглээ, идэвхтэй хөдөлгөөний дутагдал, зохисгүй хооллолт зэрэг амьдралын хэв маяг, зан үйлийн хүчин зүйлс нь халдварт бус өвчний эрсдэлийг нэмэгдүүлж байна.

АШУҮИС-ийн цахим номын санд

Энэ өгүүллийг цахим номын санд үзэх →

Татсан тоо

Нийтлэгдсэн

2025-12-05

Дугаар

Салбар хэсэг

Эрдэм шинжилгээний өгүүлэл