Амелобластомагийн эсийн нэвчилтэд Notch дохио дамжих замын дарангуйлагчийн үзүүлэх нөлөөг судалсан дүн

Зохиогчид

  • Буянбат (Baoyinbatu) АШУҮИС, Эрдмийн Сургууль , БНХАУ, ӨМӨЗО, Улаанхад Их Сургуулийн Хараа Эмнэлэг Зохиогч
  • Урьхан (Wurihan) БНХАУ, ӨМӨЗО, Улаанхад Их Сургуулийн Хараа Эмнэлэг , АШУҮИС, АУС, Эх Барих, Эмэгтэйчүүдийн Тэнхим Зохиогч
  • Baolidao БНХАУ, ӨМӨЗО, Улаанхад Их Сургуулийн Хараа Эмнэлэг Зохиогч
  • Б.Дамдиндорж АШУҮИС, Эрдмийн Сургууль Зохиогч
  • Ц.Сарнай АШУҮИС, Эрдмийн Сургууль Зохиогч

Түлхүүр үг:

Амелобластома, Нэвчилт, Transwel, FLI-06

Хураангуй

Үндэслэл: Хавдрын үүсэл, хөгжлийг тайлбарласан олон онол байдаг ба энэ нь олон үе шаттай үйл явц юм. Энэ нь ургалт, өсөлт, шилжилт хөдөлгөөн, нэвчилт, үсэрхийлэл, ангиогенез зэрэг үйл ажиллагааг хянадаг олон генээс хамаардаг. Амелобластома нь одонтогенийн хучуур эдийн хавдар бөгөөд түүний 80% нь эрүүнд тохиолддог ба ихэвчлэн өвдөлтгүйгээр эрүүг тэлж нүүрний гажиг үүсгэдэг. Хэдийгээр амелобластома нь хоргүй хавдар боловч энэ нь хэсэг газрын инвазив хавдар ба мэс засал эмчилгээний дараах дахилт нь 90% хүртэл тохиолддог байна. Мөн хорт хавдарт шилжих боломжтой байдаг. Судлаачдын судалгааны үр дүнгээс харахад амелобластомагийн үед эсэд ургалт, нэвчилт явагддаг. Aмелобластомагийн одоогийн стандарт эмчилгээнд яс тайралт мэс засал багтдаг бөгөөд үүнийг хавдрын байршлаас хамааран захын доод эрүү, сегментчилсэн эрүүний мэс засал, хэсэгчилсэн дээд эрүүний мэс засал эсвэл нийт эрүүний тайралт гэж хуваадаг. Хэдийгээр эдгээр мэс заслын эмчилгээ нь тодорхой үр дүнтэй боловч үр дүн нь ихэвчлэн эрүүний гажиг үүсэх, нүүрний хэлбэрийн гажиг үүсгэдэг. Тиймээс эмчилгээний тодорхой стратегийг идэвхтэй эрэлхийлэх шаардлагатай байна.Сүүлийн үеийн судалгаагаар хэвийн бус дохио дамжих замын идэвхжүүлэлт ба амелобластомагийн нэвчилтийн талаар холбон судалж эхэлж байна. Дохио дамжих замын элемент, зорилтот ген ба молекулын биет хоорондох нарийн төвөгтэй харилцан үйлчлэл нь янз бүрийн дохио дамжих зам дахь хавдрын эсийн өсөлт, апоптоз болон бусад гол эмгэгийн үзэгдлүүдийг зохицуулдаг. Бусад судлаачдын судалгааны үр дүнгээс харахад амелобластома эсийн нэвчилтийг дэмжихэд Notch дохио дамжих зам чухал болохыг харуулсан байна. Гэсэн хэдий ч Notch дохио дамжих зам ба түүнтэй холбоотой уураг нь амелобластома эсийн нэвчилтэд үзүүлэх нөлөө тодорхойгүй хэвээр байгаа нь энэхүү судалгааг хийх үндэслэл боллоо. Зорилго: Амелобластомагийн эсийн нэвчилтэд Notch дохио дамжих замын дарангуйлагчийн үзүүлэх нөлөөг судлах. Арга, аргачлал: Энэхүү судалгааг АШУҮИС Эрдмийн сургууль, БНХАУ-ын Өвөр Монголын өөртөө засах орны Улаан хадын их сургуулийн Хараат эмнэлэгт туршилт судалгааны баазыг түшиглэн тоон судалгааны арга, туршилт судалгааны загвараар хийж гүйцэтгэв. FLI-06-аар Notch дохио дамжих замыг дарангуйлсны дараах AB эсийн нэвчилтэд үзүүлэх нөлөөг Transwell аргаар судалсан. Судалгаанд ашигласан амелобластомагийн шугаман эсийг Улаан хадын их сургуулийн Хараат эмнэлгийн туршилт судалгааны баазаас авч ашигласан болно. Notch дохио дамжих замын дарангуйлагч FLI-06-г Шанхай хотын Absin Bioscience Inc. ( Absin® CAS: 313967-18-9 ) -аас худалдаж авсан. Үр дүн: Transwell (Lower chamber)-ийн эсийг нил ягаан талстын будгаар (Amethyst dyeing) будсны дараа микроскопоор ажиглахад FLI-06-аар дарангуйлсан AB эсийн тоо нь хяналтын бүлэгтэй харьцуулахад бага байлаа. Хяналтын бүлгийн эсийн нэвчилтийг 100% гэж тооцоолон туршилтын бүлэгтэй харьцуулахад, туршилтын бүлгийн эсийн нэвчилт нь 25% байсан. Амелобластомагийн эсийн нэвчилтийн идэвхжил нь 1.37 ± 0.06 %, нэвчилтийн эсийн тоо нь 137.20±25.55 байсан бол амны хөндийн салст бүрхэвчийн хэвийн эсийн нэвчилтийн идэвхжил нь 0.12±0.01 %, нэвчилтийн эсийн тоо нь 80.40 ± 3.36 байсан.FLI-06-аар дарангуйлсны дараах AB эсийн тоо нь 34.60±6.95 байж, энгийн өсгөвөрлөх орчинг ашигласан хяналтын бүлэгийн эсийн тоо 137.20±25.55 байв. Дүгнэлт: Notch дохио дамжих замыг FLI-06-аар дарангуйлснаар амелобластома эсийн нэвчилтийг бууруулж байв.

АШУҮИС-ийн цахим номын санд

Энэ өгүүллийг цахим номын санд үзэх →

Зохиогчдын судлаачийн профайл: Б.Дамдиндорж

Татсан тоо

Нийтлэгдсэн

2025-12-05

Дугаар

Салбар хэсэг

Эрдэм шинжилгээний өгүүлэл