С вируст гепатитын эмнэлзүй, оношилгоо, эмчилгээний үр дүнг судалсан нь
Түлхүүр үг:
С вируст гепатит, ВЭШҮЭ, Элэгний фиброз, Эмийн гаж нөлөөХураангуй
Үндэслэл: Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын 2019 онд тооцоолсноор дэлхий даяар гепатитын С вирусийн халдвартай 58 сая хүн амьдарч байна. ГСВ-ийн архаг халдварыг устгах вирусийн эсрэг шууд үйлчилгээтэй эмүүдийн эмчилгээний зөвлөмжийг боловсруулан жил бүр шинэчилж, 2030 он гэхэд гепатитын С вирусийг 90% хүртэл устгах том зорилгын дор дэлхийн улс орон бүр өөр өөрийн онцлогт тохируулан эмчилгээний удирдамж боловсруулан хэрэгжүүлж байгаа нь сайшаалтай ч дээрх зорилгод хүрэх нь бүс нутгийн халдварын тархалт, эрүүл мэндийн системийн бүтэц, эдийн засаг санхүүгийн чадавх зэргээс шалтгаалан харилцан адилгүй үр дүнтэй байна. Иймээс бид архаг С гепатиттай өвчтөнүүдэд вирусийн эсрэг шууд үйлчилгээтэй эмийг хэрэглэн, эмнэлзүй, оношилгоо, эмчилгээний үр дүнг генотипээр нь харьцуулан судалж, эмийн гаж нөлөөг үнэлэх шаардлага зүй ёсоор тавигдаж байгаа нь энэхүү судалгааны ажлын үндэслэл боллоо. Зорилго: Гепатитын С вирусийн архаг халдварын эмнэлзүй, оношилгоо, эмчилгээний үр дүнг генотиптэй харьцуулан судлах. Арга, аргачлал: Судалгааг проспектив, ретроспектив когорт судалгааны загвараар Архангай аймгийн Нэгдсэн эмнэлгийн амбулаторийн тасгаар үйлчлүүлсэн архаг С гепатиттай 1203 өвчтөнийг хамруулав. Эмчилгээнд хамрагдагсдад ГСВ-ийн генотипийг тодорхойлон вирусийн эсрэг шууд үйлчилгээтэй эмийн эмчилгээг хийв. Судалгаанд хамрагдагсдаас эмнэлзүйн шинж тэмдгийг асуумж, бодит үзлэгээр тодорхойлон, цусны дэлгэрэнгүй шинжилгээ, цус бүлэгнэлтийн шинжилгээ, элэгний үйл ажиллагааны сорил, ГСВРНХ тодорхойлох молекул биологийн шинжилгээ, APRI, FIB-4 оноог эмчилгээний эхэнд, 4 дэх долоо хоногт, эмчилгээ дууссанаас хойш 12 дах долоо хоногт үнэлэн, эмчилгээний үр дүнг харьцуулан судаллаа. Судалгааны тоон мэдээллийн статистик боловсруулалтыг SPSS-26.0 програм ашиглан гүйцэтгэв. Үр дүн: Нийт эмчлүүлэгсдийн 6.7% нь элэгний хатууралтай, 1.4% нь өмнө нь интерферонд суурилсан эмчилгээ хийлгэж байсан. Элэгний хатууралтай бүлэгт ядрах, гэдэс дүүрэх, нойр муудах, аюулхайд болон баруун хавирганы нумаар өвдөх, хамар буйлнаас цус гарах, хоолны дуршил буурах зэрэг эмнэл зүйн шинжүүд статистик магадлалтай ялгаатай түгээмэл илэрч байна (p<0.001). ГСВ-ийн вирусийн эсрэг шууд үйлдэлтэй эмийн эмчилгээний хяналтын 4 дэх долоо хоногт эмчилгээний үр дүн 98.9%, эмчилгээ дууссанаас хойш 12 дахь долоо хоногт эмчилгээний үр дүн 99.3% байна. Элэгний фиброзын зэргийг APRI, FIB-4 оноогоор үнэлэхэд APRI 0.71±0.67-оос 0.31±0.54, FIB-4 1.61±0.41-ээс 1.16±0.26 болж буурсан (p<0.001) байв. Эмчилгээний явцад эмийн гаж нөлөөг үнэлэхэд ядрах, толгой өвдөх, дотор муухайрах зэрэг гаж нөлөө давамгайлан илэрсэн. Дүгнэлт: ГСВийн 1b генотиптэй өвчтөнүүдэд эмчилгээний үр дүн эмчилгээ дууссанаас хойш 12 дахь долоо хоногийн дараа 99.5%, 1а генотиптэй өвчтөнд эмчилгээний үр дүн 100.0%, харин 2 дугаар генотиптэй өвчтөнд эмчилгээний үр дүн 75% байгаа нь статистик магадлалтай тогтоогдлоо (p<0.001. ГСВ-ийн архаг халдвартай өвчтөний элэгний фиброзын зэргийг APRI болон FIB-4 оноогоор үнэлэхэд эмчилгээ эхлэх үед дундаж утга нь 0.71±0.67 ба 1.61±0.41, эмчилгээ дууссанаас хойш 12 дах 7 хоногт 0.31±0.54 ба 1.16±0.26 болж буурсан нь эмчилгээний үр дүнд статистик магадлалтай нөлөөлж байгаа нь тогтоогдлоо (p<0.001).
АШУҮИС-ийн цахим номын санд
Энэ өгүүллийг цахим номын санд үзэх →
Зохиогчдын судлаачийн профайл: Н.Хүрэлбаатар, О.Баатархүү
Татсан тоо
Нийтлэгдсэн
Дугаар
Салбар хэсэг
Лиценз
Энэхүү сэтгүүлд нийтлэгдсэн өгүүллүүд Creative Commons Attribution 4.0 (CC BY 4.0) лицензтэй. Зохиогч болон эх сурвалжийг зөв дурдсан нөхцөлд хэн ч хуулбарлах, түгээх, өөрчлөн ашиглах боломжтой. Зохиогчийн эрх зохиогчид хадгалагдана.
