Урт хугацаанд үргэлжилсэн гашуудлын эмгэгийн хэмжүүрийн Монгол хувилбарын сэтгэц хэмжил зүйн үзүүлэлтүүд
Түлхүүр үг:
Сэтгэц хэмжил зүй, Найдварт чанар, Тохирц чанар, Эмгэг уй гашууХураангуй
Үндэслэл: Шинэчлэгдсэн ICD-11, DSM-5-TR-д хувилбарт урт хугацаанд үргэлжилсэн гашуудлын эмгэг (УХҮГЭ) албан ёсоор тусгагдсан. Энэхүү эмгэг нь ойр дотны хүний нас баралтын дараах гашуудлын үйл явц хэвийн байдлаас удаан үргэлжилж (насанд хүрэгчдэд 12 сараас дээш; ICD-11-д 6 сараас дээш), амьдралын чанар, нийгмийн үйл ажиллагаа, сэтгэцийн тэнцвэрт байдалд мэдэгдэхүйц саад учруулдаг өвөрмөц эмгэг юм. УХҮГЭ-ийг эрт илрүүлж, оношлоход туслах найдвартай, тохирц чанарт нийцсэн хэмжүүрийг 2020 онд Нью-Йоркын Вейл Корнеллын Анагаахын сургуулийн судлаачид ICD-11 болон DSM5-TR оношилгооны шалгуурт үндэслэсэн, “PG-13-R” хэмжүүр (Prolonged Grief Disorder-13, revised) хэмээх өөрөө мэдээлэх аргын асуумж (ӨМАА) -ийг шинэчлэн боловсруулсан байна. Тус хэмжүүрийг дэлхийн олон хэлээр орчуулан ашиглаж байгаа ч Монгол хэл дээрх баталгаажсан хувилбар байхгүй байгаа нь энэхүү судалгааны үндэслэл боллоо. Зорилго: УХҮГЭ-ийн PG-13-R гэх хэмжүүрийн монгол хувилбарын сэтгэц хэмжил зүйн үзүүлтүүд болох найдвартай чанар, тохирц чанарыг тодорхойлох. Арга, аргачлал: Хэмжүүрийг ашиглах зөвшөөрлийг зохиогчдоос (H.G. Prigerson) 2024 оны 11 сард авч, судалгааны ажлын сэдэв, арга аргачлалыг Хүмүүнлэгийн ухааны их сургуулийн эрдмийн зөвлөлийн хурлаар хэлэлцүүлэн, судалгаа хийх зөвшөөрөл (A/19) авч зааварчилгаа, ёс зүйн горимыг мөрдөж ажилласан. Орчуулгыг олон улсын зөвлөмжийн дагуу шууд орчуулга, тонгоруу орчуулга, хэл шинжлэлийн мэргэжилтний зөвлөгөөг авч, асуулт бүрийн ойлгомжтой байдлыг шалгах туршилтын судалгааны үе шатыг гүйцэтгэсэн. Үндсэн судалгаанд уй гашуу тохиолдсоноос хойш зургаа ба түүнээс дээш сарын хугацаа өнгөрсөн байх гэсэн шалгуураар 18–66 насны нийт 442 оролцогчийг хамруулж (эмэгтэй 81.9%; дундаж нас 41.8±12.4) өгөгдөл цуглуулсан. Үр дүн: PG-13-R хэмжүүрийн монгол хувилбар өндөр дотоод тууштай байдалтай α=0.92, ω=0.93 гарсан. Таллан харьцуулах хамаарал r=0.87 гарч, харилцан хамаарал сайн байгааг харуулсан бол туршилтдахин туршилтын найдвартай байдлын интракласс корреляцийн коэффициент (Intraclass Correlation CoefÏcient, ICC) ICC=0.82 (асуулт тус бүрийн ICC=0.55–0.88) гарсан нь тестийн үр дүн цаг хугацаанд тогтвортой байгааг баталлаа. Агуулгын тохирц чанарын (Content Validity Index, CVI) үзүүлэлт CVI=0.89 байсан нь агуулгын тохирц чанарыг хангаж буйг илтгэв. Шалгуур үзүүлэлтийн зэрэгцээ тохирц чанарын хувьд PG-13-R хэмжүүрийн монгол хувилбар нь WHOQOL-BREF-ийн биеийн эрүүл мэнд, сэтгэл зүй, нийгмийн харилцаа, хүрээлэн буй орчны дэд домэйнуудтай статистикийн ач холбогдолтой сөрөг хамааралтай, харин HADS-ийн сэтгэл түгшил, сэтгэл гутралын оноонуудтай дунд зэрэг эерэг хамааралтай гарч онолын хүлээлттэй нийцэв. Бүтцийн хувьд KMO=0.93, Бартлет p<0.001, айген утга>1 нөхцөлөөр нэг хүчин зүйл тодорч, нийт вариацын 62.1%-ийг тайлбарласан ба бүрэлдэхүүний ачаалал 0.63–0.87 хооронд хэлбэлзсэн нь эх хувилбартай тохирч байна. Дүгнэлт: Урт хугацаанд үргэлжилсэн гашуудлын эмгэгийн хэмжүүр буюу PG-13-R монгол хувилбараар хүн амын дундах урт хугацаанд үргэлжилж буй уй гашууг илрүүлэхэд туслах боломжтой нэг фактортой бүтэц батлагдаж, найдвартай, тохирц чанар сайтай хүчин төгөлдөр хэмжүүр болохыг баталлаа.
АШУҮИС-ийн цахим номын санд
Татсан тоо
Нийтлэгдсэн
Дугаар
Салбар хэсэг
Лиценз
Энэхүү сэтгүүлд нийтлэгдсэн өгүүллүүд Creative Commons Attribution 4.0 (CC BY 4.0) лицензтэй. Зохиогч болон эх сурвалжийг зөв дурдсан нөхцөлд хэн ч хуулбарлах, түгээх, өөрчлөн ашиглах боломжтой. Зохиогчийн эрх зохиогчид хадгалагдана.
