Улаанбаатар хотын гадна орчны тоосонцрын агууламжийг шууд болон суурин харуулын цэгийн үзүүлэлттэй харьцуулан судалсан нь
Түлхүүр үг:
НЭМС, Орчны Эрүүл Мэндийн Тэнхим АШУҮИС, Эпидемиологи, Биостатистикийн Тэнхим АНУ, Техасын Их Сургууль - Анагаахын салбар сургууль АНУ, Дьюк Их Сургууль АШУҮИСХураангуй
Үндэслэл: Агаарын бохирдол нь аливаа улс орны эдийн засаг, техник технологийн хөгжлөөс үл хамааран хүн амын эрүүл мэндэд ноцтой эрсдэл дагуулдаг нийгмийн эрүүл мэндийн томоохон асуудлуудын нэг юм. ДЭМБ-ын 2021 оны мэдээгээр 10 хүн тутмын 9 нь бохирдсон агаараар амьсгалдаг ба цаг тутамд 800 хүн, минут тутамд 13 хүн агаарын бохирдлоос шалтгаалж нас бардаг байна. Агаарын бохирдлын удаан хугацааны нөлөөлөл нь уушгины архаг бөглөрөлт, уушги болон гуурсан хоолойн хорт хавдар, астма, цус харвалт зэрэг өвчнүүдийг үүсгэдэг. Монгол улсын дийлэнх хүн ам оршин суудаг Улаанбаатар хотод өвлийн улиралд агаарын бохирдол дээд цэгтээ хүрдэг. Тухайлбал судлаач Г.Энхжаргал (2012) нарын судалгаагаар нийслэл дэх РМ10, РМ2.5 тоосонцрын агууламж ДЭМБ-ын зөвлөмжөөс 7-8 дахин их байгааг тогтоосон. Дэлхийн олон улс орнууд агаарын бохирдлын хяналтдаа хямд өртөг бүхий шууд хэмжилтийн (Purple Air) багажийг өргөнөөр ашиглаж байна. Энэ нь хэрэглэхэд хялбар, өргөн сүлжээнд ашиглах боломжтой багаж бөгөөд ухаалаг хотын агаарын бохирдлын хяналтын салшгүй нэг хэсэг гэдгийг зарим судлаачид онцолсон. Харин манай улсад уг багажаар агаар дахь РМ2.5 тоосонцрын агууламжийг хэмжиж, албан ёсны хяналтын суурин хэмжилтийн цэгийн үзүүлэлттэй харьцуулсан судалгаа хомс байгаа нь судалгааны үндэслэл боллоо. Зорилго: Улаанбаатар хотын гадна орчин дахь РМ2.5 тоосонцрын бохирдлыг шууд хэмжилтийн (Purple Air) багажаар тодорхойлох. Арга, аргачлал: Судалгааг аналитик судалгааны агшингийн загвараар гүйцэтгэж, 2024 оны 12 дугаар сараас 2025 оны 02 дугаар сар хүртэлх хугацаанд нийслэлийн төвийн зарим дүүрэгт шууд хэмжилтийн (Purple Air) багажийг байршуулан 2 минутын давтамжтайгаар 24 цагийн туршид РМ2.5 тоосонцрын хэмжилт хийв. Үр дүнгийн статистик боловсруулалтыг SPSS-26 программ ашиглан хийв. Үр дүн: Улаанбаатар хотын агаар дахь РМ2.5 тоосонцрын дундаж агууламж өвлийн улиралд 66.68 мкг/м3 бөгөөд дүүргээр харьцуулахад СХД-т хамгийн өндөр буюу 118.58±90.22 мкг/м3, ХУД-т хамгийн бага 42.37±43.51 мкг/м3 тодорхойлогдсон. Долоо хоногийн гаригуудаар харьцуулахад Даваа (76.68±71.98 мкг/м3), Бямба (77.50±71.63 мкг/м3), Ням (80.34±74.45 мкг/м3) гарагуудад тус бүр хамгийн өндөр хэмжигдсэн байна. РМ2.5 тоосонцрын хамгийн өндөр агууламж оройны 18 цагаас шөнийн 01 цаг хүртэл тохиолдож, хамгийн бага агууламж өдрийн цагаар буюу 14-16 цагийн хооронд хэмжигдсэн байна. Өвлийн саруудаас 12 дугаар сард хамгийн өндөр буюу 74.22±73.45 мкг/м3 тодорхойлогдсон бол хоёрдугаар сард хамгийн бага буюу 50.25±57.44 мкг/м3 тус тус тодорхойлогдлоо. Дүгнэлт: Улаанбаатар хотын агаар дахь РМ2.5 тоосонцрын агууламж өвлийн улиралд Монгол улсын стандарт, техникийн ерөнхий шаардлагаас даруй 1.7 дахин их бөгөөд СХД-т хамгийн өндөр концентрацитай байна. РМ2.5 тоосонцрын хамгийн өндөр агууламж өвлийн саруудаас 12 дугаар сард болон шөнийн цагаар илүү их тохиолдож байна.
АШУҮИС-ийн цахим номын санд
Энэ өгүүллийг цахим номын санд үзэх →
Зохиогчдын судлаачийн профайл: Б.Буянтүшиг, Ш.Шатар, С.Мягмарчулуун, Д.Өлзиймаа, Б.Дамдиндорж, Д.Даваалхам
Татсан тоо
Нийтлэгдсэн
Дугаар
Салбар хэсэг
Лиценз
Энэхүү сэтгүүлд нийтлэгдсэн өгүүллүүд Creative Commons Attribution 4.0 (CC BY 4.0) лицензтэй. Зохиогч болон эх сурвалжийг зөв дурдсан нөхцөлд хэн ч хуулбарлах, түгээх, өөрчлөн ашиглах боломжтой. Зохиогчийн эрх зохиогчид хадгалагдана.
