Төрсний дараах умайн эргэн хөгжилд Шимшин-6 эмийн үзүүлэх нөлөөг туршилтын амьтанд судалсан дүн
Түлхүүр үг:
Умайн жин, Эстроген, TGF-β1, TGF-β3, Уламжлалт эмХураангуй
Үндэслэл: Шимшин-6 эм нь гишүүнэ, чацаргана, гажа, руда, хэл цоргигч давс, хужир гэсэн 6 найралтаас бүрдэх бөгөөд сарын хир хоригдсон, эмэгтэйн цус бүрэлдсэн өвчний үед хэрэглэгддэг уламжлалт эм юм. Төрсний дараа умайн агшилтыг сайжруулах, цус алдалт болон үрэвслээс урьдчилан сэргийлэх зорилгоор өргөн хэрэглэгдэж буй Шимшин-6 эмийн үйлдлийг нотолгоожуулах зорилгоор судалгааг хийсэн. Зорилго: Шимшин-6 эмийн хархны төрсний дараах умайн эргэн хөгжилд үзүүлэх нөлөөг судлах. Арга, аргачлал: Судалгааг Уламжлалт Анагаах Ухааны Технологийн Хүрээлэнгийн эрдэм шинжилгээний төвийг түшиглэн туршилт судалгааны загвараар Zheng ZH (2019) нарын аргаар хийсэн. Хархнуудыг төрсний дараа 4 бүлэгт хуваан Шимшин-6 шахмал эм (ШШЭ) 180мг/кг ба 90 мг/кг тунгаар, Шимшин-6 талх эм (ШТЭ) 163 мг/кг тунгаар, хяналтын бүлэгт физиологийн уусмалыг өдөрт 2 удаа нийт 5 хоног уулган эстроген, прогестрон даавар, TNFα, TGF-β1, TGF-β3 цитокины түвшинг ELISA-ын аргаар тодорхойлсон. Судалгааны төгсгөлд амьтдыг ёс зүйн дагуу егүүтгэн умайг авч жинг тодорхойлон, эд судлалын шинжилгээнд умайн салстын зузаан, булчин давхаргын бүтэц, булчирхайг үнэлсэн. Үр дүн: Төрсний дараах загвар бүлгийн хархны умайн жин хээлгүй хяналтын бүлгийн амьтнаас 46.13% (p=0.001) нэмэгдсэн бөгөөд Шимшин-6 эм хэрэглэсэн бүлэгт загвар бүлэгтэй харьцуулахад умайн жин 15.9-25.3% хүртэл буурсан (p=0.001) байв. ШШЭ нь 90мг/кг, 180 мг/кг тунд эстроген дааврыг бууруулах (p=0.0008) нөлөөтэй байна. TNF-α хэмжээ загвар бүлэгт 42.0±2.9 пг/ мл, хяналтын бүлэгтэй харьцуулахад 12.0% нэмэгдсэн ба ШШЭ нь 90 мг/кг тунд 36.2±1.3 пг/мл хүртэл бууруулсан байв (p=0.05). Шимшин-6 эм хэрэглэсэн бүлгүүдэд TGFβ1 хэмжээг нэмэгдүүлэх (p=0.006), TGFβ3 хэмжээг ихэсгэх (p=0.01) нөлөө үзүүлсэн. Умайн эд судлалын шинжилгээнд ШШЭ 90 мг/кг, ШТЭ 162 мг/кг хэрэглэсэн бүлэгт үрэвсэлт, цусархаг өөрчлөлт багассан, булчингийн давхаргын агшилт илүүтэй явагдаж эхэлсэн, булчингийн ширхэг эрэмбэлэгдсэн байв. Дүгнэлт: Шимшин-6 уламжлалт эм нь хархны төрсний дараах умайн эргэн хөгжлийг дэмжих нөлөөтэй байна.
АШУҮИС-ийн цахим номын санд
Татсан тоо
Нийтлэгдсэн
Дугаар
Салбар хэсэг
Лиценз
Энэхүү сэтгүүлд нийтлэгдсэн өгүүллүүд Creative Commons Attribution 4.0 (CC BY 4.0) лицензтэй. Зохиогч болон эх сурвалжийг зөв дурдсан нөхцөлд хэн ч хуулбарлах, түгээх, өөрчлөн ашиглах боломжтой. Зохиогчийн эрх зохиогчид хадгалагдана.
