Тархины эдийн цус харвалтын үеийн цусан хурааны байршил, эзлэхүүнийг эмнэлзүйтэй уялдуулан тавиланг тодорхойлсон дүн
Түлхүүр үг:
Дэлбэн, Тархины багана, Нас баралтХураангуй
Үндэслэл: Тархины эдийн цус харвалт (ТЭЦХ) нь гэнэтийн нас баралт, урт хугацааны хөдөлмөрийн чадвар алдалтад хүргэдэг эмгэг ба тавиланд эмнэлэгт хэвтэх үеийн артерийн даралтын түвшин, ухаан санааны байдлаас гадна цусан хурааны хэмжээ, байршил, ховдолд цөмөрсөн байдал нь нөлөөлнө гэж үздэг. Зорилго: ТЭЦХ-ын үеийн тавиланд цусан хурааны эзлэхүүн, байршил хэрхэн нөлөөлдөг болохыг эмнэлзүйтэй уялдуулан судлах. Арга, аргачлал: Судалгааг Улсын гуравдугаар төв эмнэлэгт ТЭЦХ оношоор 2022-2024 оны хооронд хэвтэж эмийн эмчилгээ хийлгэсэн тохиолдлуудад аналитик нэг агшингийн загвараар хийж, статистик боловсруулалтыг “SPSS-25.0” программыг ашиглан гүйцэтгэв. Үр дүн: Судалгаанд ТЭЦХ оноштой 385 тохиолдлыг хамруулан эмнэлзүйг тавилантай уялдуулан судлахад цусан хурааны байршил, эзлэхүүнээс статистик ач холбогдол бүхий хамааралтай байсан (р<0.001). Дэлбэнд байршсан тохиолдолд тавилан хамгийн сайн (OR, 0.458 [95% CI, 0.21-0.99]), ховдолд цөмөрсөн тохиолдолд хамгийн муу (OR, 2.03 [95% CI, 1.07-3.85]) байсан. 03 сарын дараах нас барах эрсдэл тархины баганад байршсан (OR, 3.36 [95% CI, 1.68-6.69]), ховдолд цөмөрсөн цусан хурааны үед хамгийн өндөр (OR, 4.91 [95% CI, 3.16-7.63]) байсан бол цусан хураа нь тенториумаас доор байрласан тохиолдолд нас барах эрсдэл хамгийн бага (OR, 0.42 [95% CI, 0.23-0.76]) байв. Цусан хурааны байршил хамааралт эзлэхүүнийг эмнэлзүйн сайн, муу тавилан, болон нас баралтаар үнэлэхэд бага тархи, таламуст үүссэн цусан хурааны эзлэхүүн бага (<10.2 мл ба <6.7 мл) байх тусам 03 сарын дараах тавилан сайн (AUC, 0.724 ба 0.725). Дүгнэлт: ТЭЦХ-ын үед тавилан нь эмнэлзүйтэй уялдан цусан хурааны байршил болон эзлэхүүнээс хамааралтай байна.
АШУҮИС-ийн цахим номын санд
Энэ өгүүллийг цахим номын санд үзэх →
Зохиогчдын судлаачийн профайл: А.Товуудорж
Татсан тоо
Нийтлэгдсэн
Дугаар
Салбар хэсэг
Лиценз
Энэхүү сэтгүүлд нийтлэгдсэн өгүүллүүд Creative Commons Attribution 4.0 (CC BY 4.0) лицензтэй. Зохиогч болон эх сурвалжийг зөв дурдсан нөхцөлд хэн ч хуулбарлах, түгээх, өөрчлөн ашиглах боломжтой. Зохиогчийн эрх зохиогчид хадгалагдана.
