Өндгөвч уйланхайжих хам шинжтэй эмэгтэйчүүдийн бодисын солилцооны өөрчлөлт ба антропометрийн зарим үзүүлэлтийг уялдуулан судалсан дүн
Түлхүүр үг:
Өндгөвч, Aнтропометр, Фолликул, Хүзүүний тойрог, БЖИ, Бодисын солилцооХураангуй
Үндэслэл: Өндгөвч уйланхайжих хам шинжийн үед нөхөн үржихүйн эрхтэн тогтолцоо талаас тогтмол бус биений юмны мөчлөг, дааврын тэнцвэргүй байдал, гиперандрогенизмийн шинж тэмдэг, өндгөвчинд олон фолликул байх зэрэг шинж илэрч цаашид үргүйдэл, эндометрийн хавдар, жирэмсний хүндрэлийн шалтгаан болдог. ӨУХШ нь зөвхөн нөхөн үржихүйн тогтолцоонд нөлөөлөх бус бодисын солилцоо, зүрх судасны эмгэгийн эрсдэлийг нэмэгдүүлдэг архаг эмгэг байдлаараа онцлог бөгөөд эмэгтэйчүүдийн амьдралын чанарт урт хугацааны сөрөг үр дагаврыг авчирдаг нь судалгаагаар тогтоогдсон. Сүүлийн жилүүдэд ӨУХШ-тэй эмэгтэйчүүдийн бодисын солилцооны өөрчлөлт, шээсний хүчил ихсэлт, антропометрийн шинэ үзүүлэлт болох хүзүүний тойргийн ач холбогдлыг судлах судалгааны ажлууд нэмэгдэж байна. ӨУХШ бүхий Монгол эмэгтэйчүүдийн ийлдэс дэх шээсний хүчлийн хэмжээг зарим антропометрийн үзүүлэлттэй харьцуулан дүгнэх хэрэгцээ, шаардлага байгаа нь энэхүү судалгааны үндэслэл болж байна. Зорилго: Өндгөвч уйланхайжих хам шинж бүхий эмэгтэйчүүдийн антропометрийн зарим үзүүлэлтийг ийлдэс дэх шээсний хүчлийн хэмжээтэй харьцуулан судлах. Арга, аргачлал: Бид энэхүү судалгааг аналитик судалгааны нэг агшингийн загвараар эмнэлэгт суурилсан ажиглалтын аргаар 120 эмэгтэйг (15–35 нас) хамруулан тус бүрээс асуумж бөглүүлж, нас, биений юмны мөчлөгийн онцлог, эмийн хэрэглээний талаар мэдээллийг цуглуулж, зарим антропометрийн (биеийн өндөр, жин, хүзүү, бэлхүүс, өгзөгний тойрог) хэмжилтийг хийсэн. ӨУХШ бүхий эмэгтэйчүүдийг Роттердамын шалгуураар оношлож, биохимийн шинжилгээгээр ийлдэс дэх шээсний хүчлийн түвшинг тодорхойлсон. Статистик боловсруулалтад t-test болон Pearson корреляцийн шинжилгээг ашиглав. Үр дүн: Нийт 120 эмэгтэйг судалгаанд хамруулснаас 45.8% (55) нь Роттердамын шалгуураар ӨУХШ оношлогдож, үлдсэн 54.2% (65)-д оношлогдоогүй бөгөөд хэвийн бүлэгт хамруулав. ӨУХШ бүхий бүлгийн хүзүүний тойргийн хэмжээ 36.2±2.5 см, эрүүл бүлгийн хүзүүний тойргийн хэмжээ 31.5±1.8 см (p<0.001) байв. Харин бэлхүүсний тойргийн хэмжээ ӨУХШ бүлэгт 88.4±7.9 см, эрүүл бүлэгт 75.8±6.7 см (p<0.001) байсан бол өгзөгний тойргийн хэмжээ ӨУХШ бүхий бүлэгт 103.5±6.5 см, эрүүл бүлэгт 94.7±5.5 см (p<0.01) тус тус тодорхойлогдсон нь ӨУХШ бүхий бүлэгт илүү үзүүлэлттэй байгаа ажиглагдлаа. Түүнчлэн бэлхүүс, өгзөгний тойргийн харьцаа нь ӨУХШ бүлэгт 0.85±0.07, эрүүл бүлэгт 0.80±0.05 буюу статистикийн хувьд ач холбогдолтой (p<0.05) байв. ӨУХШ бүхий 55 эмэгтэйд биохимийн шинжилгээгээр шээсний хүчлийн хэмжээг тодорхойлоход 476±8.5 мкмоль/л байсан нь эмэгтэйчүүдийн лавлах дээд утга (400мкмоль/л)-аас их биш боловч дундаж хэмжээнээс ялимгүй их байгаа ажиглагдлаа. Дүгнэлт: ӨУХШ бүхий эмэгтэйчүүдийн цусан дахь шээсний хүчлийн түвшин нь лавлах дээд утгаас их биш боловч дундаж хэмжээнээс ялимгүй их байгаа нь ӨУХШ бүхий эмэгтэйчүүдэд бодисын солилцооны зарим өөрчлөлт байж болзошгүйг бөгөөд үүнийг илтгэх боломжтой үзүүлэлт гэж үзэж байна. ӨУХШ-тэй эмэгтэйчүүдийн антропометрийн зарим үзүүлэлт эрүүл эмэгтэйчүүдтэй харьцуулахад илүү байна. Шээсний хүчил болон хүзүүний тойргийн хэмжээ хооронд хүчтэй хамаарал илэрсэн нь хүзүүний тойрог нь БЖИ болон бэлхүүс, өгзөгний тойргийн харьцаанаас илүү мэдрэг үзүүлэлт байж болохыг харуулж байна.
АШУҮИС-ийн цахим номын санд
Энэ өгүүллийг цахим номын санд үзэх →
Зохиогчдын судлаачийн профайл: Б.Оюунтөгс
Татсан тоо
Нийтлэгдсэн
Дугаар
Салбар хэсэг
Лиценз
Энэхүү сэтгүүлд нийтлэгдсэн өгүүллүүд Creative Commons Attribution 4.0 (CC BY 4.0) лицензтэй. Зохиогч болон эх сурвалжийг зөв дурдсан нөхцөлд хэн ч хуулбарлах, түгээх, өөрчлөн ашиглах боломжтой. Зохиогчийн эрх зохиогчид хадгалагдана.
