Нүүрний мэдрэлийн саа өвчнийг цахилгаан зүү эмчилгээний аргаар эмчилсэн зарим үр дүн

Зохиогчид

  • Денг Үй Ци (Deng Yu Qi) АШУҮИС, МАУОУС, Зүү төөнө заслын тэнхим , АШУҮИС, Эрдмийн сургууль Зохиогч
  • Ю.Оюунбилэг АШУҮИС, МАУОУС, Зүү төөнө заслын тэнхим Зохиогч
  • У.Номин-Эрдэнэ АШУҮИС, МАУОУС, Зүү төөнө заслын тэнхим Зохиогч
  • В.Энхтуяа АШУҮИС, МАУОУС, Зүү төөнө заслын тэнхим Зохиогч

Түлхүүр үг:

Нүүрний мэдрэлийн саа, Беллийн саа, Цахилгаан зүү эмчилгээ

Хураангуй

Үндэслэл: Нүүрний саа буюу нүүрний мэдрэлийн невропати гэдэг нь нүүрний нэг талын булчин суларч, тэр хэсгийн хөдөлгөөн хязгаарлагдан, нүүр муруйх шинжээр илэрдэг нүүрний мэдрүүлийн захын саа, Беллийн саа эмгэг юм. АНУ-ын Үндэсний эрүүл мэндийн хүрээлэнгийн (NIH) мэдээлснээр энэ эмгэг нь 100,000 хүн ам тутамд 15-20 тохиолдох бөгөөд жилд 40,000 хүн шинээр оношлогддог байна. Беллийн саа нь бүх насныханд тохиолдож болох ч ахимаг насныханд зонхилох бөгөөд өвчлөлийн дундаж нас нь 40 байдаг бол улирлын хувьд хавар, намрын улиралд илүү их тохиолддог өвчин юм. Бид нүүрний мэдрэлийн саа эмгэгийн үед цахилгаан зүү эмчилгээний үр дүнг эмнэлзүйн туршилт судалгааны аргаар нотолгоожуулах зорилгоор энэхүү судалгааг хийж гүйцэтгэлээ. Зорилго: Нүүрний мэдрэлийн саа өвчний үеийн цахилгаан зүү эмчилгээний үр дүнг үнэлэх. Арга, аргачлал: Судалгааг АШУҮИСийн Монгол Анагаах Ухааны Олон Улсын Сургууль, Монгол анагаах ухааны төв эмнэлэг, БНХАУ-ын Өвөр Монголын Өөртөө Засах Орны Улаанцав хотын Хятад Монгол Нэгдсэн Эмнэлгийг түшиглэн явууллаа. Судалгаанд оролцогчдыг эмчилгээний болон хяналтын 2 бүлэгт тус бүр 30 байхаар санамсаргүй түүврийн аргаар хуваарилж, хоёр бүлэгт Ацикловир эмийг 200мг-аар 6 цагийн зайтай өдөрт 4 удаа, 5 хоног уулгаж, эмчилгээний бүлгийн 30 оролцогчдод нэмэлтээр цахилгаан зүү эмчилгээг, хяналтын бүлэгт цахилгаан наалтыг 5 хоног дараалан хийж 2 өдөр өнжсөн ба нийт 4 долоо хоног эмчилгээ хийн, үр дүнг нүүрний үйл ажиллагааны алдагдлын индекс (FDI), нүүрний саажилтын оноогоор (HBS) асуумжаар эмчилгээний өмнө болон эмчилгээний 15, 30, 60 дахь хоногт даган судалж тооцлоо. Үр дүн: Эмчилгээний бүлэгт цахилгаан зүү эмчилгээ хийсний дараа эмчлүүлэгчдийн эмнэлзүйн шинж тэмдгүүд илт сайжирч, саажсан талын нүүрний булчингийн хөдөлгөөн аажмаар сэргэж, зовхи бүрэн хаагдах зэргээр эмгэг шинж тэмдгүүд мэдэгдэхүйц сайжирсан. Мөнх ихэнх эмчлүүлэгчдэд эмчилгээний дунд үеэс духны үрчлээ эргэн сэргэж, хацар хавагнах, шүлс гоожих зэрэг шинжүүд бүрэн арилсан. Эмчилгээний 30 дахь хоногт нүүрний үйл ажиллагааны алдагдлын индекс (FDI), нүүрний саажилтын оноогоор (HBS) хоёр бүлгийн хооронд эмчилгээний үр дүнг харьцуулахад, эмчилгээний бүлгийн үр дүн хяналтын бүлгээс статистик ач холбогдол бүхий ялгаатай байлаа (p<0.05). Дүгнэлт: 1. Нүүрний мэдрэлийн саа өвчний үед цахилгаан зүү эмчилгээг вирусийн эсрэг эмтэй хослуулан эмчлэх нь үр дүнтэй ба өвчнийг үлдэц багатай эмчилж байна. 2. Нүүрний үйл ажиллагааны алдагдлын индекс (FDI) болон Нүүрний саажилтын оноогоор (HBS) эмчилгээний үр дүнг үнэлэхэд цахилгаан зүү эмчилгээ нь наалтаас илүү үр дүнтэй байна.

АШУҮИС-ийн цахим номын санд

Энэ өгүүллийг цахим номын санд үзэх →

Татсан тоо

Нийтлэгдсэн

2025-10-20

Дугаар

Салбар хэсэг

Эрдэм шинжилгээний өгүүлэл