Түрүү булчирхайн хорт хавдрын дахих прогнозыг тодорхойлсон нь
Түлхүүр үг:
Түрүү булчирхай, Хорт хавдар, Ген, TARBP1Хураангуй
Үндэслэл: Түрүү булчирхайн хорт хавдар нь дэлхий даяар ахимаг насны эрэгтэйчүүдийн дунд түгээмэл тохиолддог бөгөөд эмнэл зүйн хувьд оношилж, эмчлэхэд нилээн төвөгтэй хавдруудын нэг юм. Түрүү булчирхайн хорт хавдар нь олон эрсдэлт хүчин зүйлсээс шалтгаалж үүсэх бөгөөд олон генийн үйл ажиллагааны өөрчлөлт, харилцан үйлчлэлээс хамаарч үүсдэг талаар судалгаануудад тэмдэглэгдсэн байна. TARBP1 нь РНХ холбогч уураг бөгөөд зарим хавдрын үед их хэмжээгээр илэрдэг байна. Зорилго: Түрүү булчирхайн хорт хавдрын биохимийн дахилтад нөлөөтэй нуклеотидын метаболизмтой холбоотой генийг тодорхойлох. Арга, аргачлал: Түрүү булчирхайн хорт хавдрын геномын атлас (TCGA-PRAD) мэдээллийн санг ашиглан нуклеотидын метаболизмтой холбоотой генүүдийг жинлэсэн генийн хамтын илэрхийллийн сүлжээний шинжилгээ (WGCNA)-аар тодорхойлов. Генийн ялгаатай экспрессийн шинжилгээгээр ач холбогдол бүхий генүүдийг тогтоов. Ялгаатай экспресслэгдсэн зарим генийг хавдрын эдэд иммуногистохими (IHC) шинжилгээгээр баталгаажуулав. Үр дүн: Түрүү булчирхайн хорт хавдрын геномын атлас мэдээллийн сангаас 481 түрүү булчирхайн хорт хавдартай өвчтний мэдээлэл, 51 эрүүл эдийн мэдээллийн өгөгдөл судалгаанд хамрагдав. Түрүү булчирхайн хорт хавдрын эд болон эрүүл эдийн хооронд статистик ач холбогдол бүхий ялгаатай экспресслэгдсэн нуклеотидын метаболизмтой холбоотой 105 ген тодорхойлогдов (P<0.001). Түрүү булчирхайн хорт хавдрын биохимийн дахих прогнозыг тодорхойлох 5 ген (RGS11, KAT2A, MXD3, TARBP1, WFIKKN1) тодорхойлогдов. TARBP1 нь түрүү булчирхайн хорт хавдрын эдэд эрүүл эдтэй харьцуулахад их хэмжээгээр илэрч байна. Дүгнэлт: Түрүү булчирхайн хорт хавдарт нуклеотидын метаболизмтой холбоотой зарим генийн экспресс өөрчлөгдөж байгаагаас хавдрын дахих прогнозыг тодорхойлох 5 ген байна. TARBP1 нь түрүү булчирхайн хорт хавдрын эдэд их хэмжээгээр экспресслэгдэж байна.
АШУҮИС-ийн цахим номын санд
Энэ өгүүллийг цахим номын санд үзэх →
Зохиогчдын судлаачийн профайл: Ц.Билэгтсайхан, А.Шийрэвнямба
Татсан тоо
Нийтлэгдсэн
Дугаар
Салбар хэсэг
Лиценз
Энэхүү сэтгүүлд нийтлэгдсэн өгүүллүүд Creative Commons Attribution 4.0 (CC BY 4.0) лицензтэй. Зохиогч болон эх сурвалжийг зөв дурдсан нөхцөлд хэн ч хуулбарлах, түгээх, өөрчлөн ашиглах боломжтой. Зохиогчийн эрх зохиогчид хадгалагдана.
