Монгол Улсын миелингүйжих зарим эмгэгүүдийн тархалтыг судалсан дүн
Түлхүүр үг:
ТХ, НМОХЭ, Нийслэл, Орон нутаг, ЭкваторХураангуй
Үндэслэл: Миелингүйжих эмгэгийн бүлэгт төв мэдрэлийн тогтолцоо (ТМТ)-ны архаг үрэвсэлт, мэдрэлийн сөнөрөлтөт өөрчлөлт бүхий аутоиммун эмгэгүүд багтдаг ба гол төлөөлөгч болох тархмал хатуурал (ТХ)-ын тархалт нь газарзүйн байршлын хувьд харилцан адилгүй байдаг. Монгол Улсын хувьд миелингүйжих эмгэгүүдийн тархалтыг сүүлийн 15 жил судлаагүй нь энэхүү судалгааг хийх үндэслэл болсон. Зорилго: Монгол улсын миелингүйжих эмгэгүүдийн тархалтыг судлах. Арга, аргачлал: Бид энэхүү судалгааг дескриптив аргаар, Улсын лавлагаа шатлалын эмнэлгүүд, нийслэлийн 7 дүүрэг, 20 аймгийн Нэгдсэн эмнэлгийн 2011-2024 оны, 18-аас дээш насны ТХ (ОУӨА10 ангиллаар G35.0), Нейромиелит оптик хүрээний эмгэг (НМОХЭ (G36.0)), миелин олигодендроцит гликопротейн эсрэг бие холбоот эмгэг (МОГЭЭ (G37.81)), харааны мэдрэлийн үрэвсэл (H46), хөндлөн миелит (G37), цочмог тархмал энцефаломиелит (ЦТЭМ (G04.0)) оношоор хэвтэн эмчлүүлсэн (цахим болон цаасан) өвчний түүх, амбулаторын хяналтын картыг шүүж, судалгааны мэдээллийг боловсруулахад SPSS27.0 программыг ашигласан. Үр дүн: Монгол улс дахь тархалтыг тооцоход нийт миелингүйжих эмгэгүүдийн тархалт 27.2/100.000, үүнээс ТХ 15.6/100.000, НМОХЭ 5.6/100.000 тус тус байв. Аймаг тус бүрээр ТХ-ын тархалтыг тооцоход Баянхонгор болон Дархан-Уул аймагт хамгийн өндөр (25.5/100.000, 24.4/100.000), Сэлэнгэ аймагт хамгийн бага (0.9/100.000) тодорхойлогдсон. Харин бусад миелингүйжих эмгэгүүд болох ЦТЭМ, МОГЭЭ нь улсын хэмжээнд 9 ба 2 тохиолдол (0.06-0.9/100.000) тус бүр бүртгэгдсэн. Аймгуудын тархалтыг газарзүйн бүсээр харьцуулан судлахад экватороос холдох тусам ТХ болон нийт миелингүйжих эмгэгүүдийн тархалт ихсэж буй нь газарзүйн байршилтай ач холбогдол бүхий хамааралтай (p=0.028, 95% CI 9.39-15.6 ба p=0.006 95% CI 14.3-22.4) байсан. Дүгнэлт: Монгол Улсын ТХ-ын тархалт 15 жилийн өмнөхтэй харьцуулахад нэмэгдсэн бол НМОХЭ-ийн тархалт Азийн бусад орнуудтай ойролцоо түвшинд байгаа нь тодорхойлогдлоо.
АШУҮИС-ийн цахим номын санд
Энэ өгүүллийг цахим номын санд үзэх →
Зохиогчдын судлаачийн профайл: Б.Ариунжаргал
Татсан тоо
Нийтлэгдсэн
Дугаар
Салбар хэсэг
Лиценз
Энэхүү сэтгүүлд нийтлэгдсэн өгүүллүүд Creative Commons Attribution 4.0 (CC BY 4.0) лицензтэй. Зохиогч болон эх сурвалжийг зөв дурдсан нөхцөлд хэн ч хуулбарлах, түгээх, өөрчлөн ашиглах боломжтой. Зохиогчийн эрх зохиогчид хадгалагдана.
