Дэгд (Gentiana L.)-ийн төрлийн ургамлын уламжлалт мэдлэг, хэрэглээг судалсан үр дүн
Түлхүүр үг:
Этноботаник, Нутгийн нэршил, Цагаан таш, Хөх дэгд, Чонын хэл, ЗүлгэнчимэгХураангуй
Үндэслэл: Угсаатны анагаах ухаанд эмийн ургамлын уламжлалт мэдлэг, хэрэглээний судалгаа нь судлаачдад ургамлын хэрэглээг төрөл бүрийн аргаар судлах боломжийг нээж, ургамлын гаралтай бүтээгдэхүүний эрэлт хэрэгцээ өсөн нэмэгдэж буй энэ үед чухал ач холбогдолтой юм. Иймээс бид Монгол болон ӨМӨЗО-ны зарим аймгуудад хийсэн Дэгд төрлийн ургамлын уламжлалт мэдлэг, хэрэглээг судаллаа. Зорилго: Газарзүйн ялгаатай бүс нутгийн ард иргэдийн Дэгд төрлийн ургамлын эмийн түүхий эдийн уламжлалт хэрэглээг судлахын зэрэгцээ ургамлын адилцаа нэр буюу нутгийн нэршлийг илрүүлэх. Арга, аргачлал: Монгол болон ӨМӨЗО-ны зарим нутагт нийт 190 соёлын өв тээгчээс 36 асуумж бүхий этноботаникийн судалгааг авсан. Асуумж судалгааны мэдээллийг боловсруулан Дэгд төрлийн ургамал тухайн бүс нутагт хир чухал эсэхийг ашиглалтын индекс болон харьцангуй давтамжийн индексээр тодорхойлов. Үр дүн: Дэгд төрлөөс Gentiana algida, G.macrophylla, G.decumbens, Gentianopsis barbata гэх 4 зүйлийн ургамлыг 2 улсын өв тээгчид нэрлэсэн бөгөөд тухайн бүс нутаг дахь ургамлын гаралтай түүхий эдийн чухал эсэхийг тодорхойлдог харьцангуй давтамжийн индексийн дүнгээр судалгаа явуулсан Монгол Улсын нутагт Том навчит дэгд - 0,37, Хэвтээ дэгд - 0,51, Цагаан дэгд - 0,55 байгаа нь эдгээр ургамлын түүхий эдийг бүс нутагт өргөн ашигладаг, чухал хэрэгцээтэй болохыг илтгэж байна. Харин ӨМӨЗО-ны судалгаа явуулсан нутагт харьцангуй давтамжийн индекс Цагаан дэгд 0,08, Том навчит дэгд 0,18, Хэвтээ дэгд 0,21 байгаа нь бүс нутагт Дэгд төрлийн ургамлын түүхий эд бага ашиглагддаг болохыг харуулж байна. Гэвч энэ нутаг дэвсгэрт эрчимжсэн мал аж ахуй, газар тариалан эрхэлж буйтай холбоотой байх талтай юм. Дүгнэлт: 1. Дэгд төрлийн ургамлын түүхий эдийн хэрэглээ бүс нутагт ялгаатай байна. 2. Дэгд төрлийн ургамлыг хоёр орны өв тээгчид цэцгийн өнгө, овор хэмжээ, нутгийн аялгаар ялгаатай нэрлэж ирсэн болохыг судлан тогтоолоо.
АШУҮИС-ийн цахим номын санд
Энэ өгүүллийг цахим номын санд үзэх →
Зохиогчдын судлаачийн профайл: Б.Цэрэнцоо
Татсан тоо
Нийтлэгдсэн
Дугаар
Салбар хэсэг
Лиценз
Энэхүү сэтгүүлд нийтлэгдсэн өгүүллүүд Creative Commons Attribution 4.0 (CC BY 4.0) лицензтэй. Зохиогч болон эх сурвалжийг зөв дурдсан нөхцөлд хэн ч хуулбарлах, түгээх, өөрчлөн ашиглах боломжтой. Зохиогчийн эрх зохиогчид хадгалагдана.
